
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- 2012 оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтрааж яваад түлэгдэн хөдөлмөрийн чадвараа алдсан аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч А.Болорсүхийн эмчилгээнд зориулан мөнгөн тусламж үзүүлэхээр болов.
- “Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний Монголын талын төслийг дэмжиж, Хятадын талтай эцэслэн тохирч гэрээ байгуулахыг сайд Д.Цогтбаатарт зөвшөөрөв.
- Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барихад хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, байгуулах гэрээний үндсэн зарчим болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд Оюутолгойн салбар төмөр замыг холбох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, шийдвэр гаргуулахаар болов.
- Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт туссан, хэрэгжилт удаашралтай байгаа төсөл, арга хэмжээг эрчимжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.
- Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Бодлогыг 2019-2027 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
- Энэ онд Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд улс төр, эдийн засаг, соёл, урлаг, утга зохиол, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүүхэд, залуучууд, хүмүүнлэг зэрэг салбарт 70 арга хэмжээ зохиох юм.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.