
БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цаофэйдянь боомтын Төлөвлөлт, хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхим, вагон хөмрөгч цех, далайн болон төмөр зам хосолсон тээврийн систем, нүүрсний терминал зэрэгтэй танилцаж энэ сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад товч хариулав.
Энэ боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг байна. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц аж. 194 мянган га талбайг хамарсан боомт нь жилдээ 410 сая тонн ачаа, үүнээс 250 сая тонн нүүрс боомтоор гаргах хүчин чадалтай юм байна. 2017 оны байдлаар ачаа эргэлт нь 370 сая тоннд хүрсэн бөгөөд нүүрсний 25, гангийн 41, төмрийн хүдрийн 6, контейнерын 10 усан зогсоолтой ажиллаж байна.
1991 оны “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-т 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж БНХАУ-ын хойд болон зүүн бүсийн далайн боомтуудыг Монгол Улсад ашиглуулахаар тохиролцсоны үндсэнд дээрх боомтыг Монгол Улс ашиглах боломжтой болсон байна.
Замын-Үүд-Эрээн боомтоос Цаофэйдянь боомт хүртэл төмөр замаар шууд холбогдсон бөгөөд ингэхдээ БНХАУ-ын хамгийн их түгжрэлтэй, өндөр зардалтай төмөр замын бүс болох Бээжин хотоор дайрахгүй, хойгуур нь тойрч гардаг давуу талтай юм байна.
2014 оноос Монголын далайн захиргаа Цаофэйдянь боомт болон орон нутгийн захиргаатай боомт ашиглах, ачаа тээвэр зохион байгуулах талаар хэлэлцэж ирсэн бөгөөд 2018 оны арванхоёрдугаар сард Цаофэйдянь боомтоос Улаанбаатар руу анхны чингэлгийн галт тэрэг явсан байна.
Мөн Цаофэйдянь боомтын Логистикийн паркийн удирдах хорооноос жилд 10 сая тонн Монголын нүүрсийг тус боомтоор дамжуулан тээвэрлэхийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байдаг.
Ерөнхийлөгч Х.Баттулга Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцав | ||
Үзсэн: 1330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.