Шууд Chart

Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 68.4 хувийн биелэлттэй хэмээн дүгнэв

2019-05-01 06:55:13

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаан 10 цаг 26 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайланг хэлэлцэн,  тус тайланг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар танилцууллаа. 

2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн эхний шатны хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, З.Нарантуяа, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй ажиллажээ. Ажлын хэсгийн гишүүд эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дундаж давхаргыг тэлэх, баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих, орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай Байнгын хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх, салбарын бодлогын уялдааг сайжруулахтай холбоотой саналыг гаргасан байна. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжих мега төслүүдийг эхлүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах, санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчныг сайжруулах, төрийн өмчийн компаниудын хувьчлал, эдийн засгийн төрөлжилтийн талаарх бодлогын арга хэмжээг эрчимжүүлэх, бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэрэг ажлын хэсгийн гишүүдийн гаргасан саналыг Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөлд тусгасан болохоо дурдав. Түүнчлэн холбогдох байгууллагуудаас үндсэн чиглэлийн биелэлтийн талаар нэмэлт тайлан, мэдээлэл авч, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөлд тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлтэд эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтэнд онцгой анхаарах, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарын бодлогын хэрэгжилт 50.9 хувьтай байгааг эрчимжүүлж, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн бодлогын хүрээнд институцийн чадавхийг бэхжүүлэх, уул уурхайн бус салбарын экспортыг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх, цаашид үндсэн чиглэлд бодлогын гол арга хэмжээг тусгах, холбогдох зардлыг тухайн жилийн улсын төсөвт бүрэн тусгаж байх, асуудал хариуцсан албан тушаалтны үүрэг хариуцлагыг тодорхой болгохыг тусгасан байна. Ажлын хэсгийн зүгээс үндсэн чиглэлийн биелэлтийн талаар гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал гараагүй гэлээ. Шаардлагатай асуудлыг ирэх оны үндсэн чиглэлийн төсөлд тусгах боломжтой гэж үзсэн бөгөөд УИХ, Засгийн газраас хэрэгжилт удаашралтай мега төслүүдийн талаар өмнө нь удаа дараа шийдвэр гаргаж байсан зэргийг харгалзан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн үндэслэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар УИХ-ын тогтоолын төслийг тусгайлан боловсруулах шаардлагагүй гэж үзсэн байна. 

Үндэсний аудитын газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг танилцуулсан. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг “Үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээ оновчтой төлөвлөгдсөн эсэх”, “Хариуцан хэрэгжүүлэгч байгууллага зорилт, арга хэмжээний биелэлтийг хангахуйц ажлыг зохион байгуулж, гүйцэтгэл, үр нөлөөг тооцсон эсэх” гэсэн хоёр дэд зорилтын хүрээнд хянажээ. Аудитад эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх, биелэлтийн явц, үр дүнг тооцон тайлагнах үүрэг хүлээсэн Төрийн захиргааны төв байгууллага, агентлаг зэрэг 22 төсөв захирагчийг хамруулсан байна.

“Үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээ оновчтой төлөвлөгдсөн эсэх” буюу зорилт 1-ийн хүрээнд урт, дунд хугацааны бодлогын зорилтыг хангахад чиглэсэн богино хугацааны  бодлогын баримт бичиг болох үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг төлөвлөхдөө нэг талаас хариуцан хэрэгжүүлэгч байгууллага нь төрөөс батлан гаргаж буй хөгжлийн бодлогын баримт бичгийн хэтийн зорилтод бүрэн үндэслээгүй, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн хязгаартай уялдуулж тооцоогүй, нөгөө талаас нэгдсэн төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг тухайн жилийн төсөвтэй уялдуулахгүй байгаа зэрэг зөрчлүүд гарсаар байгаа хэмээн дүгнэжээ. Тухайлбал, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай” хуульд 2018 оны нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 9,623.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байтал 2017 оны 4 дүгээр сард Сангийн яаманд бусад яам, агентлагаас ирүүлсэн үндсэн чиглэлийн төсөлд нийт 13,617.6 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардсан 514 зорилт, арга хэмжээний санал тусгагдсан байна. 

Засгийн газар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээнд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт, бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан нийт 7,311.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 99 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төслийг боловсруулж, үндсэн чиглэлийн төслийг нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 37 арга хэмжээ нэмэгдэж, нийт 7,771.4 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 136 бодлогын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан байна. 

Үндсэн чиглэлд тусгагдсан зарим зорилт, арга хэмжээг урт, дунд хугацааны бодлогын зорилтуудтай уялдуулаагүй, агуулгын хувьд давхардсан, бэлтгэл ажил нь хангагдаагүй улмаас  тухайн жилд хэрэгжүүлэх боломжгүй, хэрэгжих хугацаа, хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг бодитой тооцоо судалгаанд үндэслээгүй, арга хэмжээний шалгуур болон суурь үзүүлэлт тодорхойгүй, өмнөх онд төлөвлөгдсөн ч үр дүн нь гараагүй зорилт, арга хэмжээ дахин тусгагдсан зэргээс хамаарч төлөвлөлтийн явцад ахиц гарахгүй байгаа зэрэг алдаа зөрчил давтагдсаар байгааг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч танилцуулгадаа дурдсан. Энэ нь нэг талаас хариуцан хэрэгжүүлэгч байгууллагын асуудлыг тодорхойлохдоо Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу хангалттай тооцоо судалгаанд үндэслээгүй, хэт ерөнхий байдлаар төлөвлөсөн, төлөвлөлтийг нэгтгэн боловсруулах, хянах чиг үүрэг бүхий тухайн төрийн захиргааны байгууллагын нэгж нь зорилт арга хэмжээний харилцан нөлөөллийг тооцож судалгаа, дүн шинжилгээ хангалтгүй, төлөвлөлтийг нэгтгэн хянах чиг үүрэг бүхий Сангийн яам, ЗГХЭГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний үр нөлөө хангалттай биш байгаатай ч холбоотой гэж дүгнэсэн байна. Нөгөө талаас Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийн хувьд бодлого төлөвлөлт, тайлагнал, хяналтын чиг үүрэг нь Сангийн яам, ҮХГ, ЗГХЭГ-ын дунд давхардалтай байна гэж үзсэн.

“Хариуцан хэрэгжүүлэгч байгууллага зорилт, арга хэмжээний биелэлтийг хангахуйц ажлыг зохион байгуулж, гүйцэтгэл, үр нөлөөг тооцсон эсэх” буюу зорилт 2-ын хүрээнд хариуцан хэрэгжүүлэгч байгууллага нь үндсэн чиглэлийн зорилтыг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө оны эхнээс тусган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд хагас, бүтэн жилд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж сайдын болон удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн тайланг хуулийн хугацаанд Сангийн яам, ЗГХЭГазарт хүргүүлж хэвшсэн байна.  

Гэвч хэрэгжүүлэгч байгууллагын бодлогын төлөвлөлтийн алдаа, ажлын зохион байгуулалт хангалтгүйгээс үндсэн чиглэлийн зарим зорилт, арга хэмжээ зорилтот түвшинд хүрээгүй бөгөөд үндсэн чиглэлийн биелэлтийг Сангийн яам 81.6 хувь, ЗГХЭГазар 75.3 хувь буюу үүнээс үр дүнтэй хэрэгжсэн 66, тодорхой үр дүнд хүрсэн 40, эрчимжүүлэх шаардлагатай 23, хэрэгжээгүй 6, үнэлэх боломжгүй 1 арга хэмжээ байна гэж тус тус үнэлсэн байна. Аудитын дүнгээр нийт 136 зорилт, арга хэмжээнээс хэрэгжсэн 54, хэрэгжилт дутуу 73, хэрэгжээгүй 9 буюу биелэлт “68.4” хувь гэж дүгнэжээ. 

Үндэсний аудитын газраас үндсэн чиглэлийн хэрэгжилтэд жил бүр гүйцэтгэлийн аудит хийж байгаа боловч цаг хугацааны хувьд хариуцан хэрэгжүүлэгч байгууллага, ЗГХЭГазраас үндсэн чиглэлийн биелэлтийг төрийн аудитын байгууллагад ирүүлж байх хууль эрх зүйн зохицуулалтгүй байгаа талаар мөн танилцуулгад дурдсан юм.  Аудитын дүнд үндэслэн үндсэн чиглэлийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнаж үр дүнг үнэлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр УИХ-ын анхааралд 2 санал толилуулж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт 2, Сангийн сайдад 1, ЗГХЭГазарт 5, нийт 8 зөвлөмжийг хүргүүлээд байгаа гэв. 

Ажлын хэсгийн танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. 

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт аудитын дүнгээр “68.4” хувьтай хэмээн дүгнэгдсэн шалтгааны талаар тодруулсан гишүүдийн асуултад Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг хариулт өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 7.771.4 тэрбум төгрөг шаардлагатай ч урьдчилсан гүйцэтгэлээр 4.847.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байгааг тайлбарлав. Түүнчлэн үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 1.072.2 тэрбум төгрөг зарцуулсан нь төлөвлөснөөс 38.9 хувиар илүү байгаа аж. Өөрөөр хэлбэл, урсгал зардалд тусгасан хөтөлбөр, арга хэмжээний зардлаас санхүүжүүлсэнтэй холбоотой гэлээ. Мөн концессийн гэрээг хязгаарласан шийдвэртэй холбоотойгоор уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг санхүүжүүлээгүй нь үндсэн чиглэлийн биелэлтэд нөлөөлсөн гэв.

Үндэсний статистикийн хорооноос тодруулсны дагуу А.Ариунзаяа дарга 2018 онд хэрэглээний үнийн индексийн талаар танилцууллаа. Өмнөх оны 03 дугаар сартай харьцуулахад хэрэглээний үнийн индекс 6.7 хувиар өссөн байна. Үүн дотроо хүнс, ундаа, усны бүлгийн үнэ 8.2 хувь, мах махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 20.5 хувиар өссөн бол согтууруулах бус ундааны үнэ 6.2 хувь, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 3.1 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 4.1 хувь, тээврийн бүлгийн үнэ 4.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хий болон бусад төрлийн түлшний бүлгийн үнэ 8.7 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 9.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа гэлээ. 

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д зарим их, дээд сургуулийг Дархан-Уул, Орхон, Багануур, Сэлэнгэ аймагт нүүлгэн шилжүүлж, ажлыг эхлүүлэхээр тусгасан бөгөөд энэ хүрээнд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлээд байгаа талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар мэдээлэл өгөв. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сургалтын эмнэлгийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд барьж байгуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар танилцуулсан. Эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор ашиглалтад байгаа цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өмнийн говийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах ажлыг эрчимжүүлэх, Багануурын ДЦС-ыг барих ажлыг үргэлжлүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн талаар гишүүдийн тодруулсны дагуу ажлын хэсгийн холбогдох албан тушаалтнууд дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хийлээ. 

Эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тодруулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хариулахдаа, 2016 онд 10 хувь байсан ажилгүйдлийн түвшин одоо 6.9 хувьтай байгаа, энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгааг хэлэв. Монгол Улсын хэмжээнд 2018 оны жилийн дүнгээр ажиллах хүчний судалгаагаар 1.2 сая ажиллагсад байгаа нь өмнөх оноос 14.7 мянгаар нэмэгдсэн дүн мэдээг Үндэсний статистикийн хороо гаргажээ. Сүүлийн 3 жилийн байдлаар ажилгүй иргэдийн тоо буурч, 2018 онд 105.000 болсон байна. Энэ нь өмнөх оныхоос 13.000 буурсан үзүүлэлт аж. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт буюу албан ёсоор хөдөлмөр эрхлэгчдийн дүнг үзэхэд аж ахуйн нэгж, байгууллага 43.7 мянга, даатгуулагч нь 704.000 болжээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2018 онд 2000-аар нэмэгдсэн бол даатгуулагчид 49.200-аар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Өрхийн мөнгөн орлого 17 хувь, өрхийн мөнгөн зарлага 11.4 хувиар тус тус нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа мэдээлсэн. 

Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр мэдээлэл өгсөн юм. 2018 оны 12 дугаар сарын статистикийн мэдээгээр өрхийн дундаж орлого 1.110.983 төгрөг байгаа бөгөөд үүний 72.9 хувийг цалин, тэтгэвэр бүрдүүлж байгаа аж. Тэгвэл Засгийн газраас тэтгэврийг 20 орчим хувиар, асаргааны тэтгэмжүүдийг тодорхой дүнгээр нэмэгдүүлсэн бөгөөд нийт өрхийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгож байгаа гэв. Зорилтот бүлгийн хүнсний тэжээлийн дэмжлэг хэрэгцээтэй иргэдийн бүртгэлийг сайжруулж, зорилтот иргэдийг нэмж хамруулан, төсвийг энэ хэрээр нэмэгдүүлсэн байна. “Цалинтай ээж” хөтөлбөрт 159.000 ээж хамрагдаж, сар бүр 50.000 төгрөгийн тэтгэмж авч байгаа бол өрх толгойлсон эцэг, эхчүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж олгож байгаа юм. 135.000 ахмадад жилд 2 удаа “Насны хишиг” олгож, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд 2016 онтой харьцуулахад тэтгэврийн зээлийн хүү 8 хувиар буураад байгааг дурдав. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсны үр дүнд 6700 малчин тэтгэвэрт гарчээ. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018, 2019 онуудад тодорхой хувиар нэмэгдүүлээд байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Ингэснээр 2014 онтой харьцуулахад төрийн албан хаагчдын цалин хөлс 27.5 хувиар нэмэгдсэн байна. Төрийн үйлчилгээний 74.4 мянган албан хаагч буюу багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын байранд үнэлгээ хийж, ангилал зэрэглэлийг сайжруулах, цалин хөлсийг уялдуулах ажлыг гүйцэтгэж байгаа аж. МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100.000 төгрөг олгож байгаа бол зорилтот бүлэг буюу цаатан иргэдийг дэмжих арга хэмжээг мөн хэрэгжүүлж байгаа аж. Ерөнхийдөө өрхийн орлого 16.9 хувиар өссөн гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлж байв. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн тодруулсны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д банк, санхүүгийн салбарыг хямралд хүргэж болзошгүй эрсдэлийг нарийвчлан тодорхойлох, бизнес эрхлэлтийн санхүүгийн зардлыг бууруулах бодлого хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилт, биелэлтийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг дунд болон урт хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцдэг байх, салбар бүрийн бодлогын асуудлыг нэгтгэн хэлэлцэж, уялдааг хангах, УИХ-аар Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэхтэй холбоотой саналуудыг хэлж байв. Мөн эрчим хүчний дутагдлаас сэргийлэх чиглэлээр бодит арга хэмжээ хэрэгжүүлэх, ажлын байрыг тогтвортой хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарах нь зүйтэй хэмээн хэлж байв. 

Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 


Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл 68.4 хувийн биелэлттэй хэмээн дүгнэв  
Үзсэн: 1023 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй