Шууд Chart

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2019-05-01 17:44:14

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооНы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулахдаа, дэлхийн худалдаа, эдийн засаг өнгөрсөн зуунд эрчимтэй хөгжиж хүн төрөлхтний хэрэглээ, амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн. Энэхүү үсрэнгүй хөгжил дэвшлийг оюуны бүтээл туурвил, шинэ санаа, ашигтай загвар, барааны тэмдэг болон оюуны бусад өмчгүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг хэллээ. Иймд оюуны өмчийг хамгаалах, хөгжил дэвшлийг хурдасгах, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж үр ашгийг нь хүртэх зорилгоор улс орнууд хамтран Парисын конвенц, Венийн конвенц зэрэг чухал баримт бичгүүдийг баталжээ. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэгдэн хамгаалагдаж байгаа тухай дурьдсан байдаг байна. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдарлын хэв маягийг өөрчилсөөр байгаа талаар төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа. Дэлхийн ДНБ-ий 90 орчим хувийг оюуны өмчийн хамгаалалт сайтай 45 орон бүрдүүлдэг байна. Тухайлбал, АНУ-ын патент, барааны тэмдгийн газраас оюуны өмч түлхүү ашигладаг эдийн засгийн салбарууд нь нийт 27.9 сая ажлын байрыг бий болгосон бөгөөд 4 жилийн хугацаанд 0.8 сая ажлын байрыг нэмэгдүүлж, ДНБ-ий 38.2 хувийг бүрдүүлжээ. Мөн Сингапур, Япон, Солонгосын туршлагаас харахад оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж инновац, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийг төрийн алсын хараа, зорилт зорилго болгосноор богино хугацаанд эдийн засаг нь эрчимтэй хөгжсөн баримтыг дурдлаа. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж, мөн зүйлийн 2-т “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.” гэж, Арван зургадугаар зүйлийн 16.8-д Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг хуульчлахдаа  “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан.

Улсын хэмжээнд патентын мэдүүлгийн тоо тогтвортой нэмэгдэж байгаа бөгөөд 2010-2017 онд шинэ бүтээлийн 1555 мэдүүлгийн 70 хувь, бүтээгдэхүүний загварын 1817 мэдүүлгийн 94 хувьд патент олгохоор, ашигтай загварын 1065 мэдүүлгийн 80 хувьд гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байдаг байна. Түүнчлэн гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсад хамгаалалт хүссэн, олон улсын гэрээ конвенцын дагуу олон улсын мэдүүлэг гаргах нь түгээмэл бөгөөд нийт олгосон шинэ бүтээл, патентын 30 хувь, ашигтай загварын гэрчилгээний 5 хувь, бүтээгдэхүүний загварын патентын 60 хувь, барааны тэмдгийн гэрчилгээний 85 хувь нь гадаадын иргэн, хуулийн этгээдэд олгогджээ.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа  холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа гэв. 

Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. 

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ. 

 


Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй