Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ БОХХААБХ-нд хүргүүлнэ

2019-05-01 17:48:58

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг танилцууллаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад төслийн 3 дугаар хавсралтад дурдсан Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 21 цэгийн солбилцол нь төслийн 2 дугаар хавсралтад дурдсан Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагийг заасан 1-21 хүртэлх цэгийн солцилцолтой нь давхацсан зөрчил үүссэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос санал, дүгнэлт гаргуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энхболд, Х.Нямбаатар, Л.Болд нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Энхболд, С.Бямбацогт, Н.Оюундарь нар улсын тусгай хамгаалалттай газруудын ашиглалт, хамгаалалтын менежментийг сайжруулах, энэ талаарх төрийн бодлогын уялдааг сайжруулах, төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг үр ашигтай болгох шаардлагын талаар сануулж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулахаар тогтов.


УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ БОХХААБХ-нд хүргүүлнэ  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй