
УИХ-ын чуулганы 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулсан юм. Тэрбээр, Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2019 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хийлээ. Ажлын хэсгээс нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг хориглох зорилгоор хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд өөрийн дэд бүтцийг ашиглан хамаарал бүхий компанидаа хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зорилгоор өрсөлдөөнийг дэмжих, үйлчлэгчдэд ижил нөхцөл олгохтой холбогдсон зохицуулалтыг төсөлд нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 6 асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субьект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсныг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар, харилцаа холбооны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм, журам, зааврыг харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батлах буюу ерөнхий байдпаар төсөлд тусгасныг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн, батлах журмуудыг тодорхой болгох, төслийн зарим хэсэг, заалтыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлж, хоорондын зөрчил, давхардлыг арилгах, томьёоллыг ойлгомжтой, тодорхой болгож өөрчлөн найруулах зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ” хэмээлээ.
Хэлэлцүүлгийн явцад Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хууль батлагдсантай холбогдуулан “Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Хэлэлцүүлгийн явцад Д.Лүндээжанцан, Д.Дамба-Очир, М.Билэгт, С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын гишүүд Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга харилцаа холбооны хяналтын улсын ерөнхий байцаагч байж, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ хэмээн заасан нь холбогдох хуульд нийцэхгүй байна гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.
Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдсэн нэг удирдлагатай байх ёстой атал улсын байцаагчийн эрхтэй холбоотой давхардал үүсч, суурь хуультайгаа зөрчилдөхөөс гадна харилцааны холбооны салбарын цогцоор явдаг хяналтыг алдагдуулахад хүрнэ хэмээж байлаа. Тиймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед төслийн зарим, зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчийн зүгээс өгөхийг хүссэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Хууль зүйн байнгын хороо ийм санал, дүгнэлтийг дэмжсэн бол дээрх зүйл, заалтаар санал хураалт явуулж болохоор заасан байдгийг гишүүдэд сануулсан. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 5 дугаар сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтон энэ өдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.