УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны төгсгөлд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг нэр дэвшүүлж буй талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эдийн засагч, хуульч мэргэжилтэй. 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу Эдийн засгийн байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлэх гишүүн бий эсэхийг хуралдаан даргалагч Б.Баттөмөр гишүүн лавлав. Гишүүдээс санал гараагүй, ингээд Байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асууж, Байнгын хорооны үйл ажиллагааны талаарх байр суурийг нь тодруулсан бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр нар эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, эдийн засгийн дотоод, гадаад бодлого тэргүүтэй өргөн хүрээний асуудлыг эрхэлдэг Эдийн засгийн байнгын хорооны үйл ажиллагаатай холбоотой санал хэлсэн.

Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатар гишүүнийг сонгохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг сонголоо | ||
| Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.