Шууд Chart

ТБХ: Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилохыг дэмжлээ

2019-05-07 17:30:22

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаан 11.38 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлэг Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан ажиллуулах саналтай байгааг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлттэй нөхцөлтай зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь  түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа учир төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлага бий болоод байгааг тэрбээр онцолсон.  

Авлигатай тэмцэх газраас Д.Хүрэлбаатарын хөнгөлөлттэй зээл авсан асуудлыг мөрдөн шалгаж байгаагаа албан бичгээр мэдэгдсэн байна. Түүнчлэн Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байгаа талаар Үндэсний аудитын газраас мөн албан бичиг ирүүлсэнийг УИХ-ын дарга дурдаад Д.Хүрэлбаатарт ёс зүйн хариуцлага хүлээлгэж Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналтай байна гэлээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналаа мөн танилцуулсан юм.  

Нэр дэвшигч Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй аж.

Тэрбээр, Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


ТБХ: Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилохыг дэмжлээ  
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-07 20:17
ёоо, яагаад ийм ашиг сонирхлын зөрчил ихтэй хүмүүс дахин дахин даргаар томилогдоод байдаг юм бэ. нөгөө хан-уул дүүргийн засаг даргаар хууль зөрчиж очоод, халагдангуутаа тамгаа авч зугтаагаад, дараа нь зам тээврийн яаманд очоод халагдаад дахиж хэдэн жилийн дараа дахиж очиж дарга болоод, эргээд татварын ерөнхий газрын даргаар очоод алдаа гаргаж халагдаад... алдаа гаргаж халагдсан хүнийг шагнаж ерөнхий аудитор болгож байгаа юм уу

Бидэнтэй нэгдээрэй