Шууд Chart

Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2019-05-08 16:02:14

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.08) хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар танилцууллаа. Ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, төсөлтэй холбогдуулан гаргасан саналуудыг нэгтэн томъёолжээ. Тухайлбал, төслийн зарим нэр томъёог Нотариатын тухай хууль болон холбогдох бусад хуулийн нэр томъёотой нийцүүлэх, нотариатын үйл ажиллагаа эрхлэх нотариатчийн насны дээд хязгаарыг 70 байхаар, нотариатч мэдээллийн цахим санд бүрдүүлэхтэй холбоотой цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний архив аюулгүй байдлыг хангах журам, мөн нотариатчийн бүрдүүлсэн архивын баримтыг архивт шилжүүлэх, хадгалахтай холбогдсон журмыг тус тус хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зөвхөн нотариатчдын үйл ажиллагаанд хяналт тавих, судалгаа, хяналт, дүгнэлт хийх, дүгнэлтийг үндэслэн арга хэмжээ авах эрхтэй байх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шижлүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилдэг байх зэрэг асуудлуудыг тусгажээ. Ажлын хэсэг төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 11 томъёоллыг нэгтгэн боловсруулсан болохыг Х.Нямбаатар гишүүн танилцууллаа. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Учрал нар асуулт асууж, хариулт авлаа. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн болон хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. 

Үүний дараа Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн талаар Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав. Гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.


Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй