Шууд Chart

Зарим Байнгын хороодын даргыг сонголоо

2019-05-09 15:42:21

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Зарим Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг сонгохыг тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулсан.

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улируулан ажиллуулахаар тус байнгын хорооны гишүүд тогтсон болохыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг сонгохоор гишүүдийн олонх дэмжсэн гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан бол Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан ажиллуулах нь зүйтэй гэж тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулгадаа дурдсан.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хороодын саналыг дэмжсэнээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улируулан, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг, Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонголоо.


Зарим Байнгын хороодын даргыг сонголоо  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй