Шууд Chart

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2019-05-10 09:16:08

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд  Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Ж.Бат-Эрдэнэ, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хамааруулахаар хэт өргөн хүрээтэй асуудлыг оруулсан байсныг төр, иргэний тэнцвэртэй байдлыг алдагдуулахгүй байх үүднээс асуудлын хүрээг хумьж, зөвхөн хоёр тохиолдолд хамаарах Засгийн газрын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн. Энэ нь нэг талаар 2005 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бодит ажил хэрэг болгох, нөгөө талаар гүйцэтгэх засаглалд төрийн бодлогын үндсэн дээр чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийг цогцоор нь хэрэгжүүлэх боломж олгоход чиглэж байгаа юм гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа дурдав.

Тиймээс Улсын Их Хурлаас гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар хуулийн төслийн зохих заалтыг өөрчлөн найруулахаар тусгасан байна.

Ингээд санал хураалт явуулж, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувийн, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 54.8 хувийн саалаар бүхэлд нь баталлаа.


Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа  
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй