Шууд Chart

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2019-05-10 15:51:19

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.10) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан  10 цаг  23 минутад эхэлж,  хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 7.5 дахь хэсгийг “Монголын Нотариатчдын Танхим нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог тогтоох саналаа тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нийгмийн хэрэгцээ, шаардлага, нотариатч үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллах боломж зэргийг харгалзан гаргана.” гэж  өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 15 дахь заалтад 25\3 “Нотариатын цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсэн хэсэг,  төслийн 3 дугаар зүйлд 2 дахь заалт “2/6 дугаар зүйлийн 6.1.2. “ял шийтгүүлж байгаагүй;” гэсэн  заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувь нь  тус тус дэмжсэн. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир нарын зүгээс төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг “7.3.Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ.” гэж өөрчлөн найруулсан нь иргэдэд хүрэх төрийн үйлчилгээнд хүндрэл, чирэгдэл гарахад анхаарах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Улаанбаатар хот нэг тойрог учраас  Баянзүрх дүүргийн иргэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ Хан-Уул дүүргийн нотариатчаар гэрчлүүлж болно. Энэ заалт нь хөдөө, сумдын тойрогт эрх авсан нотариатчид хотод үйлчилгээ явуулж, тойргийн тэнцвэр алдагдуулахгүйн тулд ингэж өөрчлөн найруулсан гэж байлаа. Ажлын хэсгийн уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Харин төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.6 дахь хэсгийг “Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллана. Сахилгын зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаатай сонгох бөгөөд улируулан сонгохгүй.” гэж өөрчлөн найруулах УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн  саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэнгүй. 

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, О.Баасанхүү, М.Билэгт, Д.Дамба-Очир нарын гишүүд нотариатчийн насны хязгаарыг заасан саналыг босгох шаардлагатай. Нотариатч төрийн бус байгуулагын гишүүн, төрөөс цалинждаггүй бөгөөд ажил, амьдралын туршлагатай ахмадуудаа насаар нь ялгаварлан гадуурхах нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтын 19.3 дахь хэсгийн “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаартай адил гэснийг “70 нас” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав нар төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.3 дахь “Танхимын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй” гэсэн нь нотариатын байгууллагын бодлого, үйл ажиллагааг тогтворгүй болгох, улстөржүүлэх эрсдэл үүсгэнэ гэж Х.Нямбаатар, Ц.Нямдорж нарын гишүүд байр суриа илэрхийлсэн. Иймд УИХ-ын гишүүн Л.Болд гаргасан саналаа татлаа. 

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.3 дахь хэсгийн “Танхимын ерөнхийлөгчийг нэг удаа улируулан сонгож болох бөгөөд” гэснийг “Танхимын ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй бөгөөд" гэж өөрчлөх, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн  төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалтын 16.2.1 дэх заалтын “газрын дарга” гэсний дараа эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн” гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь тус тус дэмжсэн.

Ингээд эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй