
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үдээс хойших хуралдаан Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсгийг үндэслэн Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хэвээр мөрдөхөөр УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.10 дахь хэсэгт заасныг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг хамааруулахгүй байхаар төсөлд тусгажээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх газар, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг салбарын хуулиудаар нь зохицуулж, энэ дагуу УИХ-аас эдгээр албан тушаалын цалингийн хэмжээг нь тусгайлан тогтоож байгаа учир энэ тогтоолд хамааруулахгүй байхаар боловсруулсэн гэв. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар төслийн талаар хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 21 нь дэмжиж 53.8 хувийн саналаар “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр шийдвэрлэв. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг УИХ тогтоохоор заасан байна. Иймд Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасантай нийцүүлж, төрийн зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоохоор УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасан улс төрийн болон тусгай албан тушаалд Авлигатай тэмцэх гарын удирдах гүйцэтгэх албан тушаал, Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Үндэсний болон орон нутгийн аудитын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаал, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хот тосгоны захирагч, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн хамаарч байгаа аж.
Харин Төрийн аудитын тухай хууль, Прокурорын тухай /Шинэчилсэн найруулга/ Авлигын эсрэг хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулиудад авлига, шүүх, прокурорын байгууллагын албан хаагчдын цалингийн хэмжээ, нэмэгдлийг Улсын Их Хурлаас тогтоохоор заасан. Энэ дагуу өнгөрсөн хугацаанд эдгээр албан хаагчдын цалингийн хэмжээг УИХ-аас тусгайлан баталсныг мөрдөж байгаа аж.
Иймд “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөлд УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, Сум, дүүргийн ИТХ-ын даргын албан тушаалын цалингийн хэмжээг Сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэнг Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалыг хамааруулж, адилтгасан албан тушаалын үндсэн цалинтай адил хэмжээгээр тогтоохоор төсөлд тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар төслийн талаар хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат нар асуулт асууж, төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас хариулт авлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжив. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв | ||
Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.