
Өнөөдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”. Энэ өдөр Монголд өнгө өнгийн агаарын бөмбөлгүүд гартаа атгасан, гоё ганган хувцсаа өмссөн хүүхдүүд, бэлгэнд дарагдаж, хүссэнээрээ тоглож нааддаг. Төр болон төрийн бус байгууллагуудаас хүүхдэд зориулсан олон нийтийн арга хэмжээ, өдөрлөг зохион байгуулж, энхрий бяцхан үрс бүтэн өдрийг тоглож, амттанд бялуурч, аав ээж, гэр бүлийнхнийхээ хайр энхрийлэл дунд өнгөрөөдөг. Насанд хүрсэн хүмүүс жилийн бүх л өдөр зургаадугаар сарын 1-ний өдөр шиг хүүхдээ сонсдог, тэдэнд анхаарал хандуулдаг бол бяцхан “иргэд”-д хэчнээн сайхан байх болоо.
Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад дэлхий дээр дөрвөн хүүхэд тутмын нэг нь хүүхэд насаа аюулгүй орчинд суралцаж, тоглож, аз жаргалтай өнгөрөөж чадахгүй байгаа аж. Гадны зарим орны хүүхдүүд дайн мөргөлдөөнтэй, ядууралд нэрвэгдсэн, халдварт өвчин дэгдсэн, хоол тэжээл, цэвэр усны хомсдолд орсон, эрүүл мэндийн үйлчилгээ хүрэлцээгүй бүс нутагт өсөж байна. Монголын үрс энэ бүх аюул эндэгдлээс хэдий хол байгаа ч гэлээ агаарын бохирдолд хордож, хүчирхийллийн золиос болж, зам тээврийн осолд өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохирсоор. Түүнчлэн нийслэлийн цөөнгүй сургуулийн сурагчид гурван ээлжээр хичээллэж, улсын хэмжээнд нэг бус хэд хэдэн ерөнхий боловсролын сургуулийн олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авсан, өвдсөн гэдэг нь тогтоогдсон. Засгийн газраас хүүхдийн хүчирхийлэл, нийслэлийн агаарын бохирдол, сургууль, цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээг шийдэх, сүрьеэгийн халдварыг бууруулах чиглэлээр шат дараатай ажлууд хийж эхэлсэн. Гэлээ ч насанд хүрэгчид бид хүүхдийн эрх зөрчигдсөөр байхад ангир үрсээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр нь бэлэг, амттан, тоглоомоор аргацаагаад өнгөрөх нь хэр зүйтэй вэ.
Монголд өмнө нь эрчүүд ажлынхаа нь бүсгүйчүүдэд цэцгийн баглаа, чихэр шоколад өгвөл, нөхрүүд нь эхнэрээ гэрийн ажлаас чөлөөлж, бэлэг сэлт бэлдсэнээр “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг утга учиртай тэмдэглэж байна гэж үздэг байсан гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд “Мартын 8”-аар цэцгийн баглаа, чихэр, шоколаданд хууртах бус зөрчигдөж буй эрхээ хамгаалж, жагсаал цуглаан зохион байгуулж, бусдыгаа уриалдаг болсон. Тэгвэл
Том хүн болгон нэгэн цагт хүүхэд байсан. Тэдний насанд хүрэх хүртлээ туулсан зам өөр хоорондоо адилгүй. Зарим нь яг л цахилгаан шатанд суусан мэт аз жаргалтай, хангалуун, тайван амьдрал туулж хүүхэд насаа үдсэн бол өөр хэн нэгэн хэцүү бэрх өдрүүдийг давж гарснаар нэг л мэдэхэд том хүн болсон байдаг. Тиймдээ ч бид өөрсдийн минь туулж өнгөрүүлсэн саад бэрхшээлгүй замаар хүүхэд минь явж байгаа эсвэл аав, ээж нь давж гарч чадсан учир үр минь ч гэсэн бүх хүнд үеийг ардаа орхиж чадна хэмээн итгэж найддаг. Гэтэл бодит байдал дээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ муугаас болж хүүхдүүд сурч боловсрох, эсэн мэнд амьдрах эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Хүйтний улиралд хүүхдүүд агаарын бохирдолд өртөж, элдэв халдварт өвчнөөр өвдөж, жилийн дөрвөн улиралд зам тээврийн осол, хүчирхийллийн улмаас хохирсоор, цөөрсөөр...
Үүнээс гадна Хүүхдийг ивээх сангаас “Хүүхэд насны төгсгөл - 2019” дэлхий нийтийн тайланг саяхан олон нийтэд дэлгэсэн. “Хүүхэд насны төгсгөл” 2019 оны тайланд Монгол Улс 176 орноос 76-д жагссан. Ингэхдээ найман шалгуур үзүүлэлтээр авбал зохих 1000 онооноос 877-г авчээ. Энэ нь 2000 онтой харьцуулахад 111 пунктээр өссөн үзүүлэлт юм. Дээрх тайланд “Монгол Улс хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг халахын тулд хууль эрхзүйн чиглэлд тодорхой алхмуудыг хийж байгаа ч хөдөө аж ахуй (хурдан морь унах гэх мэт), уурхай, барилгын салбарт 50 мянга гаруй хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байна” гэжээ.
Хэдий хүйтний улирал ард хоцорч утаа, зуны урт амралт эхэлснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал түр намжсан ч урин дулаан цаг эхлэхтэй зэрэгцэн хурдан морины уралдаан шил шилээ даран зохион байгуулагдана. Намар сургууль, цэцэрлэгийн анги танхимын хүртээмж, цаг агаар хүйтрэх тусам ханиад томуу, өвөл эхлэхээр агаарын бохирдол ахин сэдэрнэ. Гэсэн хэдий ч “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр хүүхдийн зөрчигдсөн эрхийг бэлгээр хуураад өнгөрөх гэж үү. Хэрвээ насанд хүрсэн хүн бүрийн оролцоотойгоор хүүхдийн эрхийн зөрчлийг арилгаж чадвал энхрий бяцхан үрс минь зөвхөн зургаадугаар сарын 1-нд бус жилийн 365 өдөр аз жаргалтай байх болно.
Хүүхдийн эрхийг бэлгээр “хуурах” уу | ||
Үзсэн: 1436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.