Шууд Chart

МАН Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

2014-02-19 14:21:55

УИХ дахь МАН-ын бүлэг Говь-Алтай аймгийн асуудлаар Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлжээ.

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ТАНАА
                                                      
        Шаардлага тавих тухай

    Монгол Улс 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, улстөрийн хүрээнд олон намын тогтолцоонд шилжин орж орон нутгийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлж, хууль дээдлэн эрх зүйт төрийг цогцлоон бэхжүүлэх замыг сонгон авч 20 гаруй жилийг ардаа үдэж байгаа билээ. 

    Гэтэл Говь-Алтай аймгийн засаг даргаар саяхан сонгогдож томилогдсон О.Амгаланбаатар нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын төрийн албаны тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчин хүний сонгох, сонгогдох эрхийг үл хүндэтгэн  үзэж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын ИТХ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхэд бүдүүлгээр халдан шударга ёсыг уландаа гишгэн төрийн албан хаагчдыг үзэл бодол, нам эвслээр нь ялгаварлан гадуурхаж хууль зүйн үндэслэл муутайгаар ажлаас нь халж, чөлөөлж эхэллээ.

    Есөн булаг, Дэлгэр, Алтай сумдын ИТХ-д МАН-аас нэр дэвшин олонхийн санал авч сонгогдон тухайн үеийн аймгийн Засаг даргын захирамжаар хууль зүйн дагуу томилогдсон Засаг дарга нарыг намын харъяаллаар нь ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч томилно гэж орон нутгийн ИТХ-ын бүрэн эрхэд халдан ажлыг нь үймүүлж эхэлжээ. 

    Төрийн албаны тангараг өргөн төрд олон жил тогтвор суурьшилтай ажиллаж мэргэшсэн аймгийн ЗДТГ-ын газар, хэлтэс, албадын дарга нарыг хоморголон халж эхэлсэн байна. 

    Иймд Монгол Улсын хуулийг уландаа гишгэн дураараа авирлаж хүний эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь бүдүүлгээр зөрчин их хэлмэгдүүлэлтийн эхлэл болох халаа сэлгээг эхлүүлж байгаа Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын хууль бус үйлдлийг нэн даруй таслан зогсоохыг танаас шаардаж байна.
 УИХ дахь МАН-ын бүлэг
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ  
Үзсэн: 914 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй