Шууд Chart

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2019-06-06 16:43:03

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06. 06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 19 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд тус Байнгын хороо 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. 

Хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тус Байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар орж ажиллалаа. Хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсгээс Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх санал хураалтын босгыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэх гэж өөрчлөх, Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний олонх хүрэлцэн ирсэн бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр ирцтэй байхаар өөрчлөх, түүнчлэн хуулийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн зүйл нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан нар асуулт асууж, санал хэлсний дараа Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал,  “төсөлд 1,2, 3 дахь хэлэлцүүлгийн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх санал хураалтыг явуулахдаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэх гэж тохиолдол бүрт өөрчлөх”, “төслийн 24.2 дахь хэсгийн “дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол" гэснийг “олонх хүрэлцэн ирсэн бол" гэж өөрчлөх, "Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн 7 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. 


Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй