Шууд Chart

Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

2019-06-06 16:51:14

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06. 06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж томилсон Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон тул цэцийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохоор нэр дэвшүүлжээ. 

Нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх нэр дэвшигчийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн байна. 

Нэр дэвшигч Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна.

Нэр дэвшигч болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа зөвхөн хуульд захирагдахыг санаж, хууль дээдлэх зарчмыг барьж ажиллахыг онцгойлон анхааруулсан. Ингээд Гунгаагийн Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78,3 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.  

Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өргөн барилаа. Уг төслийг Улсын Их Хурлын нэр бүхий 64 гишүүн хамтран Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. 


Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй