
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.
Эдийн засгийн байнгын хороо төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн дараах асуудлыг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг үндэслэн хэлэлцэв.
Үүнд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хууль хоорондын уялдааг хангах зорилгоор Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээг өөрчлөх. Тухайлбал, “бичил” гэсэн ангилалд жилийн 250 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хамаарч байсныг 300 сая төгрөг болгож, “жижиг” үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 250-500 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгож, тус тус нэмэгдүүлэв. Сангаас олгох зээлийн хэмжээг энэхүү ангилалтай уялдуулан нэмэгдүүлэх, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулж зээл олгохоор өөрчлөв.
Төслийн анхны хэлэлцүүлэг удаан хугацаагаар завсардсантай холбоотойгоор хамт өргөн мэдүүлсэн хоёр тогтоолын төсөлд тусгасан зарим хугацааг өөрчлөх шаардлагатай болсон тул “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолыг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” эхлэн дагаж мөрдөхөөр, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтын “2019 оны" гэснийг “2020 оны” болгож өөрчилсөн гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдсан.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав | ||
Үзсэн: 1290 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.