Шууд Chart

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

2019-06-06 17:02:27

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06. 06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Уг илтгэлийг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 08, Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлийг хэлэлцэх үеэр “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах чиглэлийг Хууль зүйн байнгын хороонд өгсөн. 

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа,  Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47.7 дахь хэсэгт заасны дагуу  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсрууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэснийг онцлов.

 Уг тогтоолын төсөл нь Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлох харьцахаас урьдчилан сэргийлэх, Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, Иргэдийн эрүүл, аюул орчинд амьдрах эрх, Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, Хүний эрхийн боловсрол, сургалтыг дэмжих, НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт, бусад гэсэн долоон чиглэлд 30 гаруй асуудлыг тусгаж, Засгийн газраас анхаарал тавьж, арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэллээ.  Гишүүдийн зүгээс тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хүүхдийн эрх, хүүхдийн хүчирхийллийг хамгаалах чиглэлд тодорхой асуудлууд тусгасан эсэхийг тодруулав. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн асуудалд ялын бодлогыг нэмэгдүүлэх шаарлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. 

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гишүүдийн асуултад хариулахдаа, гэр бүл болон сургууль, цэцэрлэг бүх орчинд хүүхдийн эрх, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах талаар тогтоолын төсөлд 12 асуудлыг тусгасан гэдгийг онцлов. Мөн тэрбээр, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд эрүүгийн хариуцлага, ялын бодлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздгээ илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр, Байнгын хорооны хуралдааны үеэр хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг, нухацтай авч  үзэн, тодорхой ажлын хэсэг гарган ажиллаж, нарийвчлан судлах шаардлагатай байгаа талаар  ярилцсан. Хүний эрхийн дэд хороо энэ асуудалд ажиллаж эхэлсэн хэмээн хариулж байлаа.

 Ингээд үдийн цайны завсарлага болсон тул тогтоолын төслийг үдээс хойших нэг хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.


Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй