Шууд Chart

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

2019-06-07 05:52:46

УИХ-ын чуулганы 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Тус байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийг 06 дугаар сарын 05-ны өдөр хийж, хуулийн төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуусан. Тэрбээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт нарны цахилгаан станц байгуулах эсэхийг тодруулаад үүний оронд Хэрлэн голыг түшиглэн УЦС барих асуудлыг судалж үзэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хариулснаар, Хэнтийн бүс нутагт Хэрлэн голыг түшиглэн усан цахилгаан станц байгуулах боломжийг судалж үзэж байгаа бөгөөд боломжтой гэсэн дүгнэлт гарвал санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж буй аж. Харин Цэнхэрмандал сумын нутагт нарны цахилгаан станц байгуулах хүсэлтийг салбарын яаманд албан ёсоор ирүүлээгүй гэлээ. Эцэст нь хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.


Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа  
Үзсэн: 1407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй