
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2019 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан гурван заалт бүхий “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжлэв. Төсөлд зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор шүүх, прокурор, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад зөрчлийн талаарх цахим бүртгэл, цахим мэдээллийн санг бий болгохтой холбоотой чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.
Мөн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагуудын зөрчлийн талаарх гомдол мэдээлэл, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавьж байгаа прокурорын хяналт, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, зөрчил хянан шийдвэрлэсэн шүүхийн мэдээллийг төвлөрүүлэх, харилцан мэдээлэл солилцох дундын нэгдсэн сан бий болгож, холбогдох дүрэм, журмыг батлах, сургалт зохион байгуулах, шаардлагатай бусад арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгажээ. Түүнчлэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг төсөвт тусган, жил бүр санхүүжүүлж байхыг Засгийн газар /У.Хүрэлсүх/-т, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны даргад тус тус даалгахаар төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжиж буйгаа Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт илэрхийлээд, зөрчлийн талаарх цахим бүртгэл, цахим мэдээллийн сангийн тодорхой хэсгийг иргэд, олон нийтэд нээлттэй ашиглах боломжтой байлгах нь зүйтэй гэдэг санал хэлэв. Иргэн, хуулийн этгээд эрх зүйн харилцаанд орж буй иргэн, хуулийн этгээдээ зөрчил гаргасан эсэх, давтан үйлдсэн эсэхийг хянах боломжийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн тайлбарласан. Ингээд түүний уг саналыг тогтоолын төсөлд тусган батлах нь зүйтэй хэмээн үзлээ. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол батлагдав.
Хуралдааны төгсгөлд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ
Байнгын хорооны тогтоолын баталлаа | ||
Үзсэн: 579 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.