
Хятадын бараанд дахин 10 хувийн татвар тавьж магадгүй гэж АНУ мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр “Фокс Бизнес” телевизийн сувагт утсаар ярилцлага өгөхдөө “Хятадын даргатай гэрээ хэлэлцээрт хүрч чадахгүй бол 300 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд нь 10 хувийн татвар тавих талаар бодож хэлэлцэж магадгүй” гэж ярьсан байна.
Тэрбээр 300 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тавихаар төлөвлөж байсны оронд 10 хувийн татвар тавьж магадгүй гэсэн байна. Мөн Хятадын даргатай уулзаад гэрээ хэлэлцээрт хүрэх бүрэн боломжтой гэж бодож байгаагаа ярьжээ.
Талууд "Их 20"-ийн чуулганы үеэр тусгайлан уулзана гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр гарч байгаа. Энэ уулзалт бямба гарагт болно гэж ярьж байна. Уулзалтын өмнө Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучен нар Хятадын орлогч сайд Лью Хитай уулзах юм байна.
Америкийн талын айлчлалын бүрэлдэхүүнд мөн худалдааны сайд Вилбур Росс Доналдь Трампын хүсэлтээр багтсан тухай эх сурвалж мэдээлсэн байна. Харин Хятадын талаас урьд өмнөх яриа хэлэлцээнүүдэд оролцож байгаагүй албаны хүмүүс төлөөлөгчдийн тоонд оржээ. Энэ нь Дональд Трамп Ши Жиньпин нарын уулзалт болох байгаа энэ үед таатай дохио болж байгаа юм гэж эх сурвалж мэдээлжээ.
Хоёр улсын хувьд худалдааны яриа хэлэлцээгээ үр дүнд хүргэж чадалгүй, өнгөрөгч тавдугаар сард харилцан импортын татвараа нэмэгдүүлж, харилцаа нь хурцдах шинжтэй болсон. Энэ хүрээнд АНУ бизнесийн төлөөллүүдээ Хятадын "Хуавей" компанитай Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хамтран ажиллахыг нь хориглооод байна. Харин энэ удаа сөргөлдөөнөө зогсоож чадах уу гэдэг нь анхаарал татсаар байгаа юм. "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ.
Дональд Трамп: Хятадын бараанд дахин 10 хувийн татвар тавьж магадгүй | ||
Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.