Шууд Chart

Хөдөлмөрийн үндэсний намаас төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг дэмжжээ

2019-07-05 15:51:57

Улстөрийн зарим намаас  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа илрүүлсэн байна. Эдгээр саналуудыг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.07.05) Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцох үеэрээ уншиж танилцууллаа.

Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-аас ирүүлсэн саналд, “УИХ нь 20 гишүүний саналаар хууль баталдаг, гишүүд нь улсын нэгдсэн төсвийг сонгогдсон тойрогтоо тэрбум тэрбумаар нь хувааж авахаар улайран дайрдаг. Засгийн газар нь дунджаар 1.8 жил ажилладаг. Ерөнхийлөгч нь хараат бус ажиллах ёстой шүүгчдэд томилгоогоор дамжуулан нөлөөлдөг. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх нь шударга ёс тогтоох гэхээс илүү эзэндээ үйлчилдэг. УИХ-ын сонгууль бүрийг өөр тогтолцоогоор явуулдаг. Товчоор хэлбэл, Монголын төр хямарсан нь нэгэнт  тодорхой болсон. Иймд Монгол Улсын Үндсэн хуулд нэмэлт, өөрчлөлт оруулж төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг Хөдөлмөрийн үндэсний нам дэмжиж байна” гэжээ.

Мөн тус нам хоёр асуудалд төслийн үзэл баримтлалаас өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Тодруулбал, Монгол Улс УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог авч, Үндсэн хуульд тодорхой зааж өгөх, орон нутгийн удирдлагатай холбоотой асуудлыг энэ удаа авч үзэхгүй, Монгол Улсын хөгжлийн загвар бодлоготой хамт нийт монголчууд, стратеги судлаачид, нийгэм, эдийн засгийн хөгжлийн мэргэжилтнүүдийг оролцуулан, одоогийн төслөөс тусад нь, дангаар нь шийдэх асуудал гэж үзэж байна гэжээ.

Харин Монгол Ардын Хувьсгалт нам (МАХН) “байгалийн баялаг ард түмний өмч мөн” гэдэг заалтыг тодорхой болгох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг тодорхой саналуудаар Ажлын хэсэгтэй уулзах хүсэлтэй байгаа тухай саналаа ирүүлсэн байна.

Эдгээр саналуудыг УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт хүргүүлжээ.


Хөдөлмөрийн үндэсний намаас төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг дэмжжээ  
Үзсэн: 788 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй