Шууд Chart

Халдлага

2019-07-08 20:17:25

...Саяхан нэг найзын маань нөхөр фэйсбүүкийн нууц үгээ алдсан тухайгаа пост хийсэн байлаа. Түүний танил нөхөд, шавь нар луу нь халдагч этгээд мөнгө гуйвуулахыг хүсэж мессеж бичиж. Халдагч этгээд хүссэндээ хүрч 500 гаруй мянган төгрөг залилжээ. Энэ үйл явдал бол зөвхөн миний найзын нөхөрт тохиолдож байгаагүй юм. Миний хамт ажилладаг хэд хэдэн хүн яг ийм байдлаар фэйсбүүкийнхээ нууц үгийг алдаж залилуулсан.

 

Эрүүгийн цагдаагийн албаны залуухан мэргэжилтэн хэлсэнээр, бид 2019 оны эхний 5 сарын хугацаанд 1 тэрбум 300 сая гаруй төгрөг “халдлага” үйлдэгчдэд алдсан байх юм. Гэхдээ энэ бол бүртгэгдсэн л хэрэг. Үнэн хэрэгтээ энэ “халдлага”-ыг илрүүлэх тун бэрх. Бэрх байхаас ч яах билээ дээ. Өөрийнхөө нэрээр юм уу, эсвэл утасны дугаар, хүүхдийнхээ нэрээр гээд тогтоож тааж болохоор амархан үгсээр фэйсбүүкийнхээ нууц үгийг оруулдаг мань мэт шиг тэнэгүүдтэй адилхан “халдлага” үйлдэгч гэж ч хаана байх вэ дээ ер нь.

“Халдлага” үйлдэх зарчим хийгээд тэдний дийлэнх нь баригдахгүй байгаагийн шалтгааныг Монголын 2 сая гаруй сошл сүлжээ ашиглагчдад зориулж хэлж өгье гэж бодлоо. Үнэндээ 2 сая гаруй хүний ердөө 45 хувь нь л өөрийгөө элдвийн “халдлага”-аас хамгаалах чадвартай гэж үнэлсэн байдаг юм. Тэгэхээр миний энэ бичлэг 55 хувьд нь хамаарна гэсэн үг. Хэн нэгнээр дамжуулж фэйсбүүкийн хаягтай болсон, түүнийгээ хааяа нэг ашигладаг олон хүн энэ нэвтрүүлэг, бичлэгт анхаарлаа хандуулаарай!

Та яагаад нууц үгээ алддаг вэ?

1. Нууц үг таахад хэтэрхий амархан байна. /Энэ бол ойлгомжтой үзүүлэлт. Дан үсгээр юм уу, эсвэл дан тоогоор өөрийнхөө тогтоож болох хамгийн амархан үг үсгээр нууц үгээ орлуулсан бол.. Ийм тохиолдолд таны фэйсбүүкийг хэсэг ухаад л үр хүүхэд хань ижил, найз нөхдийн чинь тухай бүрэн мэдээлэлтэй болно./

2. Таарсан газраасаа интернетэд холбогдож, танихгүй төхөөрөмжид мэдээллээ үлдээх /Таныг фэйсбүүкээ ашиглаад гарангуут нэг нөхөр давхиж очоод халдлага үйлдэж болзошгүй юм. Хэрвээ та нууц үгээ сануулахыг зөвшөөрсөн тохиолдолд шүү дээ/

3. Элдвийн шар хар мэдээний линкүүд дээр дарж үзэхээ болино уу! Хүн бол төрөлхийн сониуч амьтан. Дуучин Дээгий охиноо ад үзэж, Дуучин Болд Чулуунчимэгээ зоджээ гэх мэтийн таны амьдралд огтоос хэрэггүй мэдээллүүдийн цаана өнөөх “халдлага” үйлдэгчид отоод сууж байдаг. Яг үүнтэй ижил элдвийн сонжоо, зурхай, зөвлөгөө гэх мэт дахин нэвтрэхийг сануулсан мэдээнүүдийн ард өнөөх залилагч халдагчид анаад сууж байдаг.

Халдлага яаж хийдэг вэ?

1. Нууц үгээ алдсан л бол та “халдлага”үйлдэгчдэд бүх зүйлээ өмнө нь тавагтай хоол шиг тавьж өгсөн гэж бод. Тэр таны чаатуудыг уншина, өмнө нь хийж байсан бүх постуудыг, хэнд ямар хандлагатай болохыг чинь дор нь олоод мэдчихдэг. Ингээд таныг хамгийн их хүндэлдэг, хамгийн ойр дотнын хүмүүс рүү чинь мессеж бичиж эхэлнэ. Яг одоо энэ данс руу төдөн төгрөг явуулаач плийййз гэж байгаад. Гэхдээ шал өөр хүний нэр бүхий данс явуулна.

2. “Халдлага” үйлдэгч тун сүйхээтэй нэгэн байдаг. Тэр банкны АТМ машины дэргэд зогсч байгаад хүмүүсийг ажиглана. Ядруухан нэгэн таарвал дансаа түр ашиглуулаад хэдэн төгрөгтэй болох санал тавина. 30 минутын дотор хэдэн төгрөг оруулаад л гаргачихна. Чи 50 мянган төгрөгтэй болно шүү дээ гэж гуйна. Миний ажигласнаар ихэнхдээ охид зөвшөөрдөг нь сонин санагдсан шүү!

3. Эцэст нь данс ашиглуулагчаар дамжин орж ирсэн мөнгөө аваад ор сураггүй алга болно.

Тэд яагаад илэрдэггүй вэ?

Тагнуултай кинонд гардаг шиг Монголын цагдаад гайхалтай олон киберчид байхгүй ээ. Хэдэн залуучууд л бор зүрхээрээ чадлаараа зүтгэж байгаа. Гэхдээ тэдэнд бас ажиллах хязгаар гэж байна.

1. Монгол Улсад кибер халдлагатай холбоотой эрхзүйн заалтууд бараг байхгүй. Тэд ийм төрлийн луйвар хийдэг этгээдүүдийг баривчиллаа, сар суулгаад л суллачихдаг. Суллагдсан нөхөд эргээд л нөгөө аргаараа луйвар залилангаа хийдэг.

2. Уг нь интернет сүлжээнд яг хаанаас холбогдоод байгааг илрүүлэх зорилготой IP хаяг гэж байдаг. Нэгэнтээ илрүүлэх үүрэгтэй хаяг учраас нэг хэрэглэгч нэг хаягаар л үйлчлүүлэх ёстой. Тийм ч дүрэм дэлхий дахинд хэрэгжиж байдаг. Гэтэл манай улс дэндүү смарт сэтгэлгээтэй учраас нэг IP хаягаас 10 буюу түүнээс дээш хэрэглэгчийг холбочихдог. Өөрөөр хэлбэл яг аль хаягаас хэдэн цагийн үед холбогдож “ халдлага” үйлдсэн нь тодорхойгүй болж төөрөгддөг гэсэн үг

3. Цахим сүлжээ бол хил хязгааргүй. Магадгүй “халдлага” биечлэн үйлдсэн этгээд Хятадын нэг тосгонд, аль эсвэл АНУ-ын нэг мужийн зах хавьд ч амьдарч байж болох юм. Түүнийг манай цагдаагийн байгууллага яагаад ч очиж баривчлах аргагүй шүү дээ.

Үндсэндээ нэг иймэрхүү зарчмаар “халдлага”-ууд үйлдэгддэг. Зарим нэг нь энэ бичлэгийг уншаад инээд нь хүрэх байх. Гэхдээ хэн нэгэн өнөөх 55 хувийн хэрэглэгчид буюу өөрийгөө цахим орчинд хамгаалж мэдэхгүй байгаа хүмүүстээ туслах ёстой бээз? Тийм л учраас энэ нэвтрүүлгийг бэлтгэсэн юм. “ Анхаарах өнцөг-Цахим халдлага” Жич: хамгаалах, илрүүлэх тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөө байгаа шүү.

Нийтэлсэн: Б.Ариунцэцэг

Халдлага  
Үзсэн: 1628 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй