Шууд Chart

Киргиз улсын баг тамирчид морь бугуйлдах дасгал гүйцэтгэлээ

2019-07-24 10:22:07

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаанд оролцох Киргиз улсын цэргийн алба хаагчид энэ сарын 23-ны өдөр морьд арчлах, уналгад бэлтгэх дасгал сургуулилтыг гүйцэтгэлээ. “Аравт” уралдаанаар дөрвөн орны цэргийн алба хаагчид алсын болон ойрын зайн маршид уралдах бөгөөд энэ үеэр гүйцэтгэх нэг даалгаврын нэг нь морь бугуйлдаж, уналгад бэлтгэх юм.

“Аравт” уралдаан нь бэлтгэлийн, алсын зайны морин маршийн, богино зайны холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттай явагдана. Нэгдүгээр шат нь тэмцээндээ бэлтгэх үе шат бөгөөд оролцогч орны баг тамирчдыг хүлээн авч байрлуулах, аюулгүй ажиллагааны заавар танилцуулах, энэ чиглэлийн сургалтууд явуулах, уралдааны бэлтгэлийг хангуулах, морьтой дадлага сургалт хийх, уралдааны маршрутыг баг тамирчдад танилцуулах юм.



Хоёрдугаар шатанд алсын зайны морин марш зохион байгуулагдана. Энэ шатанд уралдаанаар оролцогч орны цэргийн алба хаагчид уул, ой мод, гол ус, элс, бартаа саад бүхий 130 км замыг маршрутын дагуу туулна. Гэхдээ зүгээр туулаад өнгөрөхгүй, замдаа цэрэг хүний гүйцэтгэх ёстой дөрвөн даалгаврыг гүйцэтгэнэ. Үүнд усан болон минжүүлсэн талбайг туулах, морь бугуйлдах, уналгад бэлтгэх даалгавар, бартаа саад бүхий газарт хоноглох даалгавар, эцэст нь шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шархтан, сум галт хэрэглэлийг хөнөөлийн голомтоос татан гаргах даалгав зэрэг багтана.

Усан саадаар урсгал ширүүн гол туулж, минийн саадыг давах бол морь сэлгэх даалгавраар адуун сүргээс морь бугуйлдаж уналгад бэлдэх юм. Харин гуравдугаар шат болох ойрын зайны холимог буухиагаар оролцогч орны баг тамирчид явганаар 3.1 км, морьтой 4.1 км замыг туулахдаа мөн маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгаврыг гүйцэтгэн барианд орохоор уралдааны дүрэмд заажээ. Төгсгөлд нь тэмцээний дүнг нэгтгэж, уралдаанд амжилт үзүүлсэн баг тамирчдад шагнал гардуулах ёслол болох юм.

Энэ ташрамд онцлоход, уралдааны бэлтгэл явцад Монгол Улсын зан заншил, түүх, соёл уламжлалыг сурталчлах, цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах хүрээнд бэсрэг наадам, соёл урлаг болон спортын өдөрлөгүүд, “Адуучин” тэмцээн зэрэг олон арга хэмжээг шат дараатай зохион байгуулахаар “Аравт”-ын арын албаныхан ажиллаж байна.










Киргиз улсын баг тамирчид морь бугуйлдах дасгал гүйцэтгэлээ  
Үзсэн: 1394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй