Шууд Chart

Хүннү эйртэй 10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №5

2014-02-27 13:43:57

Гайхалтай үзэсгэлэнт Ванг Вейнг ресорт
-----------------------------------------------------
Хүннү эйр компанитай хамт аялсан аялалын маань бас нэгэн гайхалтай хэсэг бол яах аргагүй найрсаг, элгэмсэг, эвдрээгүй эгэл ард иргэдтэй зарим нэг зүйлс нь бараг “үнэн үү?” гэмээр хямдхан Ванг Вейнг ресорт юм.  Элчин зөвлөх Жаргалсайхан гуай болон түүний эхнэр нь, бид хоёрыг энэ газрыг заавал очиж үзэхийг зөвлөсөн юм. Түүний дагуу энэ сайхан байгалийн цогцолбор газрыг үзсэндээ маш их баяртай байгаа.

Жуулчны гудамжнаас нь талдаа 50,000 кип буюу Монгол төгрөгөөр 10,000 орчмыг төлөөд микро автобусаар очих замдаа та халуун орны ширэнгэн ой болон Лаосын эгэл ард түмний амьдралыг харж танилцах боломжтой. Замдаа нэг удаа зогсож “нийгмийн асуудал”-ыг чинь шийдүүлдэг тул тэндээс уух юм авч болдог. Ер нь бол Лаос бараг нэг л пиавтай гэхэд болно. Тэр нь BeerLao гэдэг хэн ч атаархам брэндийн нэртэй. Хальт сонсвол шар айрганд хайртай ч гээд байх шиг хэ хэ. Тэрнийг заавал ууж үзээрэй. Сайхан пиав. Ойролцоогоор 4 цаг давхиад очно. Нар жагахаас арай өмнөхөн очсон бид энэхүү гайхалтай өндөр уулс, өтгөн ширэнгэ, нам гүм орчин, гэл боловч тэрүүхэндээ цэмцгэр байшингуудтай суурин, түүний орчинг хараад үнэхээр сайхан амралт болно гэдэгт итгэсэн юм.

Та шинээр хөгжиж байгаа энэ ресортд каяк болон моторт завиар Нам Чонг \Nam Xong\ голоор аялаж болохоос гадна Blue lagoon хэмээх бяцхан буланд Тарзан шиг орилон усруу үсэрч наадаж болно. Мөн агаарын бөмбөлөг, мини задгай жипээр \Buggy car\ ширэнгийг дотроос нь болон дээрээс нь тольдох боломжтой. Бас Чанг гэдэг дайны үед цэргийн эмнэлэг байсан гэх асар том, гайхамшигтай үзэсгэлэнтэй агуй болон бусад агуйгаар аялаж, Женгуй \Gengyui\ хүрхрээг үзэж, гайхалтай тогтоц бүхий Ванг Вейний ширэнгэн ойтой, өндөр хад асгатай уулсаар явган аялах боломжтой. Хүсвэл та тэнд богино хугацааны хаданд авиралтын сургалтанд ч суух боломжтой юм билээ.

Мэдээж аялал жуулчлалд зориулан хөгжүүлсэн бүс тул массажны газар, оройн цагаар агаарт суун хооллох төрөл бүрийн хоолтой ресторан, бар, пабуудад олон орны жуулчидтай пан пан хийнгээ идэж уух нь ч танд таалагдана. Тэгэхдээ оройн 10 цаг гээд л бүх хөдөлгөөн бараг намддаг юм билээ. Ер нь асар тайван газар. Манайд бол ядаж л хэн нэг хүн ганцаараа юм уу, хэсэг бүлэг этгээдүүд дуулан шөнийн аниргүйг үргээнэ шүү дээ хэ хэ.

Эндээс та бусад улсын визийн үйлчилгээ авч болно. Гэхдээ хугацаа нь урт, үнэ нь ч өндөр юм билээ. Тиймээс Вьетнамын визийг Монголоос, Камбожийн визийг хил дээрээс нь авсан нь дээр юм блээ шүү. Ванг Вейнгнээс шууд бусад оронруу болон бусад ресортруу аялах боломжтой боловч бид богино хугацаанд олон улсаар аялаж яваа тул төлөвлөгөөний дагуу Вьентяанруу буцсан.

Ванг Вейнгд өндөр зэрэглэлийн буудлууд олон байдаг. Тэнд та хамгийн ихдээ л 50 доллараар хонох боломжтой. Бидний хувьд хамгийн хямдаар аялаж яваа тул 50,000 кипээр буюу хүний 5,000 төгрөгөөр нэг тун аятайхан хостелд буусан. Шүршүүр, нойл нь дотроо тун цэвэрхэн ийм өрөө Монголд бол 50,000 төгрөгөөс наашгүй дээ гэж бодохоор манай аялал жуулчлалын салбар хөгжихөөсөө өмнө үнэд орцон мэт санагдаж байлаа.

Аялал жуулчлал шинээр хөгжиж байгаа энэхүү бүсийн хүн ард нь үнэхээр эялдэг, дөлгөөхөн, бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж байгаа нь маш их таалагдсан. Үйлчилгээ нь хөгжөөгүй байж үнэ нь өсчихсөн манай аялал жуулчлалын салбараас их л өөр байлаа даа.

Илүү дэлгэрэнгүйг гэрэл зурагнаас үзээрэй.
Дараагийн хэсэгт алдарт Чанг агуйгаар аялсан тэмдэглэлээ сонирхуулна.
Хүннү эйртэй хамт аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т













































































































Нийтэлсэн: Анжигай

Хүннү эйртэй 10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №5  
Үзсэн: 3011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-02-27 16:37
Unshij, uzej bgaa shuu amjil huseye

Бидэнтэй нэгдээрэй