Шууд Chart

Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №6

2014-03-04 10:14:27

Ванг Вейнгийн чимэг болсон Чанг агуй

Хүүхэд байхаасаа л агуйг хоёр хүн орж суудаг жижиг мухартай хад гэж боддог байлаа. Нөгөө Алтанхүү Мөнгөнхүү хоёрын нэг нь агуйд хоноод өнөөх нь багтдаггүй үлгэрээр л сэтгэж байсан байх. Дараа нь арай том болоод нэг өрх айл амьдарч болохуйц том хадны хонхор гэж боддог байлаа. Эртний дэлхий дахины түүхийн ном их нөлөөлсөн байх.

Гэтэл энэ агуйг үзээд өөрийн төсөөлөл мань үнэхээр ядуу байсныг ойлголоо. Сүхбаатар аймгийн талын агуйн том хэсэгт чиргүүлтэй ЗИЛ-130 машин эргэж болно гэж тооцоолсон байдаг. Энэ агуй дото одооны энэ 60 тонны машинууд зөрж давхилдаж болохоор. Хэд хэдэн оркестр зэрэг суугаад тоглохоор. Хэдэн мянган хүний шоу арга хэмжээ зохион байгуулахаар тийм л том юм.
Хэзээнээс хүн амьдарч суух болсон талаар тодорхой мэдээлэл байхгүй боловч Лаост дайн болж байх үед энд цэргийн хээрийн эмнэлэг ажиллаж байсан юм гэнэ билээ. Дотроо худагтай гэхээр яг л эмнэлэгт таарсан газар даа.

Шохойн чулуулгийн гайхамшигтай тогтоцтой энэхүү асар том агуйн дотор явж байхдаа хэзээ нэгэн цагт усны ероолд байсан болов уу гэсэн бодол байнга төрж байлаа. Дээрээсээ урссаар тогтсон байж болох том том баганнууд болон өндрөөсөө намруу үелсэн шат хэлбэрийн шал, өнгийн гэрэлд улам сүртэй болон харагдах үүл мэт бөмбөлгөн хэлбэртэй тааз нь ч эрхгүй ийм бодлыг төрүүлж байлаа.

Хожим аялал жуулчлалынханд зориулан агуйн амруу очиход зориулсан өндөр шат хийхээс гадна агуйн амыг хонгил болгон бөхөлсөн байна. Мөн дотор нь хэд хэдэн газар зогсож харах тавцан, аюулгүй зорчих шат болон гэрэлтүүлэг хийсэн нь таатай.
Агуйн хамгийн гүн хэсэгт цементээр наар, сандал маягийн хэсэг зассан байна. Тэнд л өнөөх эмнэлэг байрлаж байсан байх. Гадагшаа харж болох харуулын шагайвч мэт цоорхой болон дээр нь гарч зогсонгоо Ванг Вейнг тосгон болон Нам Чонг голын эргийг тольдон зогсох боломжтой тагттай хэсэгт буддын шашны зан үйл үйлддэг боловуу гэмээр мөргөлийн хэсэг байрлуулсан байсан юм.

Гайхалтай сүрлэг сайхан байгаль бүхий энэхүү аглаг ууланд өөр ч олон агуй байдаг юм гэнэ билээ. Агуйн амруу хөтлөх шатаар бууж ирэхэд цэнгэг устай уулын гол орчимд жижиг гүүр, саравч засан тохижуулсан байх бөгөөд тэнд суугаад усны чимээ чагнангаа хүний мөр дээр нь хүрээгүй байхдаа гэж бодохоор өндөр эгц хад бүхий халуун орны ширэнгэн ойтой уулсыг харж суух нь нэн таатай.

Дүүжин гүүрээр гараад, агуйн ам хүрэх зам дагуу жижиг бэлэг дурсгалын зүйлс болон ойр зуурханы хөнгөхөн хоол хүнс, ундаа зардаг үйлчилгээнүүд байрлана. Бид хоёр байралсан буудлаасаа машинаар авахуулаад агуйгаа үзчихээд буцаад хүргүүлэхэд 100,000 кип буюу ойролцоогоор хүний 10,000 төгрөг төлсөн. Энд унаа, нэвтрэх тасалбар болон агуй үзэх тасалбар багтсан юм.
Бид хоёр Вьентян явах унаанаасаа хоцорчих гээд байсан тул машин хөлсөлсөн юм шүү. Хэрэв та илүү их хугацаатай тайван очвол зүгээр алхаад оччихож болно. Төвөөсөө ердөө 3 орчим км зайтай.

Энэхүү гайхамшигтай агуйг үзсэнээр бидний Ванг Вейнг тосгонд айлчилсан айлчлал өндөрлөн буцаад Лаосын нийслэлийг зорьсон.
Харин дараагийн дугаарт хэрхэн Лаосын нийслэл Вьентянаас, Вьетнамын нийслэл Ханой хотруу аялдаг. Хэрхэн хил гаалиар гардаг тухай өгүүлэх болно.

Илүү дэлгэрэнгүй сайхныг зурагнаас үзээрэй.

Хүннү эйртэй хамт аялсан Анжигай.Г, Ганхүү.Т































































Нийтэлсэн: Анжигай

Хүннү Эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №6  
Үзсэн: 4922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-03-06 17:44
гоё аялал

Бидэнтэй нэгдээрэй