
Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-ны жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, “Москва-2010”, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алт, “Будапешт-2013”-ын мөнгөн медальт, ”Казань-2013” дэлхийн оюутан залуучуудын “Универсиад-2013” наадмын аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын долоон удаагийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг Нур-Султаны дэвжээнээс манайхны гурав дахь хүрэл медалийн эзэн болсон билээ.
С.Батцэцэг баатар маань манай чөлөөт бөхийнхөнөөс ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны, дөрвөн медаль (Нөгөө нь гавьят тамирчин О.Насанбураа) хүртсэн хоёр дахь тамирчин болж байна.
Дэлхийн дэвжээнд долоо дахь удаагаа зодоглосон тэрбээр саяхан болж өнгөрсөн тэмцээний эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, 1/8 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр тус тус ялсан.
Харин шөвгийн наймд дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонд цаг дуусахтай зэрэгцэн 5:6-гаар харамсалтай ялагдсан билээ. Тэгвэл дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр (12:2) ялснаар Токиогийн олимпийн наадмын эрхээ авсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Украиныг Алла Черкасоваг 2:2-оор ялж, “бөмбөрцөг”-ийн хүчтэн гэдгээ тод томруунаар харууллаа.
ДАШТ-ий иж бүрэн медальтай Монголын чөлөөт бөхийн анхны тамирчин С.Батцэцэг | ||
Үзсэн: 721 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.