Шууд Chart

"Чонь"

2019-09-27 12:57:09

(эхлэл хэсэг)
------------

Энэхүү цувралд өөрийгөө чоно хэмээн туйлбаргүй итгэсэн хонин сүргийн тухай өгүүлэх бөгөөд тэдний бэлчээрлэдэг уудам хөндийд эрт цагт жинхэнэ чонон сүрэг амьдарч байсан ба тэд нийт бэлчээрийн талаас илүү хувийг эзлэн бүх амьтдыг хөл хөсөр, гар газар жаргаахаар хичээж байсан юм.

Харин өнөөдрийн “чонь” нөхдүүд бол цаг хугацаа, орон зай, нөхцөл байдлаас үл хамааран тэртээх чонон сүргийн хийсэн гавьяаг л шүтэн өнөө цагтаа юу ч үл хийн зөвхөн бид тийм л лаг байсан шүү дээ хэмээн майлалдах нь өрөвдөлтэй.

Тэд урд зүгтээ амьдрах хоньнуудад айхтар өшөөтэй хийгээд тэднийг муу явбал баярлаж, сайн явбал боож үхэх шахна. Харин хойд зүгт байгаа хоньнуудад их л талтай бөгөөд найр тавин саймширах нь их. Яг үнэндээ дэлхий ертөнц даяар түмэн зүйл хонь амьдардгийг ихэнхи нь мэдэхгүй бөгөөд зөвхөн урд талд муу, хойд талд сайн хоньнууд байдаг хэмээн мухраар итгэн амьдрах нь гачлантай.

Өөрсдийгөө чоно хэмээн боддог болохоор бадрангуй, ихэмсэг гэж гайхалтай, даанч дарлагч, дээрэлхэгч, доромжлогч этгээдүүдийн өмнө хонь л юм болсон хойно чимээгүй л хивж зогсохоос хэтрэхгүй. За сайндаа л өнгө зүсээрээ нэрлэж байгаад ойрхон зуурын дээрэм шахам луйвар хийхээ айхтар эх оронч ажил хийлээ хэмээн мангартацгаана.

Заримыг нь хоолгүй, хороогүй бүүр юу ч үгүй амьдруулаад, томоохон толгойлогч хоньнууд нь нүдэн дээр нь бүх зүйлийг булааж байхад худлаа хорооны буланд майлахаас хэтрэн догшроно гэж үгүй. Хөөрхий ийм байж дотроо өнөөх чоно гэсэн бардамналаа хаядаггүй болхоор нь л “ЧОНЬ” гэж байгаам шүү дээ.
Байдаг л нэг бэлчээртэй тэгэхдээ тэрнийгээ хорвоод байхгүй гайхалтай сайхан газар хэмээн бүгд шахам итгэнэ. Аргагүй дээ ихэнхи нь хаашаанаасаа ч гарч үзээгүй болохоор тэр итгэлээрээ өөрсдийгөө тайтгаруулдаг байх. Хашаанаасаа гарсан нэг нь “манайхаас сайхан бэлчээр тэнд ч, энд ч байна” гэж майлвал бүгд нийлээд мөргөсөөр байгаад өөрийн тал болгож байж санаа амрана.

Хэрэв өөрсдийх нь энэ амар амгалан, хэнэггүй, залхуу, тэнэгдүү байдлыг хэн нэгэн хэлэх аваас бултаар нийлэн учир зүггүй майлалдсаар өмнөд нутгийн өөдгүй хонь хэмээж нийтийн дунд шившиг болгож байж санаа амардаг нь их л том ажил нь юм даа. Үүндээ бол ямар ч хөдөлмөрч хоньноос илүү ажил хэрэгч хандах нь гайхалтай.

Бас нэг гайхалтай зүйл бол тэд өөрсдийгөө тэнгэр заяатай гэж баттай итгэдэг. Бусад нь бол газраас ч юм уу, мод, уснаас гаралтай байх ёстой. Тэнгэр заяатай учраас идэш ууш тасрахгүй, элдэв дажин дэгдэхгүй, эдгэшгүй өвчин тусахгүй, эгээ л үхэхгүй шахам юм бодно.

Хэрэв ямар нэг юм болоод ажил үйлс бүтэхгүй, амь насанд цөвтэй, алив бүхэн саадтай болвоос тэнгэрийн гэсгээл хэмээн итгэх бөгөөд “алдаа заавал гаднаас эхтэй” гэсэн бат итгэлтэй. Тэгээд л тэнгэртэй холбогч юмуу бурхантай холбогч хоньруугаа байгаа жаахан өвсөө бариад харайлгаж очно. Өнөөдүүл нь ч ихэнхдээ өөрсдийх нь мэдэхгүй хэлээр майлалдаж, өөрт нь таалагдахуйц гадны нөлөө олж өгч, засч домносноор сая нэг санаа амран амьдралаа үргэлжлүүлнэ.

За нэг ийм л нөхдийн тухай энэхүү цувралд өгүүлэх болно. Хэрэв миний цувралыг уншиж байхад аль нэг үндэстэнтэй жигтэйхэн ижил санагдвал зайлшгүй санаандгүй тохиолдол бөгөөд энэ бүгд зохиол гэдэгт итгэхийг хүсэе!

Г.Ариунчулуун
2019.09.19

Нийтэлсэн: Анжигай

"Чонь"  
Үзсэн: 3959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй