Үндэсний Аудитын газраас царцаасан барилгуудад хийсэн дүн шинжилгээгээр Хөрөнгө оруулалтыг төлөвлөх, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, хянаж баталгаажуулах, техникийн нөхцөл хангах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, барилга обьектийг барьж ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих зэрэг хөрөнгө оруулалтыг эзэмших бүх үе шатанд нэгдсэн бодлого зохицуулалтгүй, мөрдөж буй хууль, журам, стандартууд уялдаа холбоогүй байгаагийн зэрэгцээ захиалагч, гүйцэтгэгч, зураг төсвийн болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, төрийн албан хаагчдын ажил хариуцах чадвар, хариуцлага сул, хууль журам мөрддөггүй, хяналт тавьж хариуцлага тооцдоггүй байдал давамгайлж ужгирсан нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэл удаашрах үндсэн шалтгаан болж байна гэж үзсэн байна.
Дүн шинжилгээний аудитын дүнд илэрч бүртгэгдсэн хууль, журам, гэрээний зөрчлүүд нь ажил хариуцсан төрийн албан хаагчид, байгууллагуудын санаачилга, мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлийн сахилга бат, хариуцлагатай холбоотой учир Засгийн газар тодорхой дүгнэлт хийж холбогдох арга хэмжээ авах шаардлагатай.
Түүнчлэн барилгын төсвийн, гэрээний болон санхүүжилтийн тогтолцоонд барилга обьектуудыг хуульд заасан хугацаанд нь төсөвт өртгийг нэмэгдүүлэхгүйгээр барьж дуусгахыг урамшуулсан хөшүүрэг, зохицуулалт, үнэлгээ, хариуцлагын механизм байхгүй нь төсөл, арга хэмжээний гүйцэтгэх хугацаа удаашрах, төсөвт өртөг нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна гэжээ.
Засгийн газрын 2010 оны 336, 2012 оны 109 дүгээр тогтоол, Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 210, Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 263, 18, 181 дүгээр тушаалуудаар барилгын төсөвт өртгийг нэмэгдүүлэх шийдвэр гарч хэрэгжсэн нь төсөл, арга хэмжээний төсөвт өртөг их хэмжээгээр нэмэгдэх бас нэг гол шалтгаан болсон байна. Үүний дотор Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 18, 181 дүгээр тушаалаар батлагдсан шийдвэрүүд нь 2013 оноос эхлэн барилга обьектийн төсөвт өртгийг ихээхэн хэмжээгээр өсгөж цаашид улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхээр байгаа тул дээрх тушаалуудыг Засгийн газрын түвшинд хянан үзэж, оновчтой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байна. Мөн сайдын 2012 оны 181 дүгээр тушаалаар батласан “Барилгын үнэ бүрдлийн үндсэн дүрэм”, “Барилгын төсөв зохиох дүрэм”, түүнчлэн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт болон санхүүжүүлэх, хяналт тавих журмыг барилга обьектийг хуульд заасан хугацаанд нь төсөвт өртгийг нэмэгдүүлэхгүйгээр барьж дуусгахыг урамшуулсан эдийн засгийн хөшүүрэг, зохицуулалт, үнэлгээ хариуцлагын механизм бий болгох чиглэлээр шинэчлэн боловсруулж хуулийн зохицуулалтын түвшинд шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзсэн байна.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.