Шууд Chart

"Рубикийн шоо" дэлхий нийтэд маш хурдтай тархжээ

2019-10-29 11:02:20

Шоог эвлүүлэхэд оюун ухаан хөгжиж, сэтгэн бодох чадвар сайтай болдог гэдгийг та мэдэх үү. Шоог 1974 онд архитектурын багш Эрне Рубик зохион бүтээжээ. Тиймээс “Рубикийн шоо” гэдэг байна. 

Эрне Рубик анх гурван талт геометрийн дүрсийг тайлбарлахын тулд энэ шоог зохиосон байна. Тэрээр сарын дотор өөрийн зохиосон шооны утгыг болон шийдвэрийг олсон аж. Шоог эргүүлж болж байсан бөгөөд огтхон ч эвдрэхгүй байсан гэнэ. Зарим хүмүүс одоо болтол утгыг нь үл мэднэ. Түүний зохион бүтээсэн эвлүүлдэг шоон тоглоом 1980-1981 оны хамгийн шилдэг тоглоомоор шалгарч байсан байна.  

1980-1982 онд Рубикийн шоо маш хурдтай тархах болжээ. Цэргүүд, банкны менежерүүд, бейсболын тоглогчид, номын санч гээд бүгд л Рубикийн шоог өглөөнөөс орой хүртэл эвлүүлдэг, эвлүүлэхийг оролддог байжээ.

Хүмүүс өнгө эвлүүлэхийн оронд алдартай зураачдын бүтээлүүдийг эвлүүлэх боломж ч бүрджээ. Энэ үед шоог эвлүүлж сурах хусэлтэй хүн олон болсон учир тэдэнд зориулсан Рубикийн шооны тухай 60 гаруй ном гарсан байна. ОХУ-ын алдартай сэтгүүл "Наука и жизнь" дугаар болгондоо Рубикийн шооны тухай 2-3 хуудас зориулах болжээ. 

Хичээлийн цагаар хүүхдүүд шоог ширээн доороо нууцаар эвлүүлдэг байж. Үүнийг багш нар мэдчихээд хураан авч, хичээлийн дараа буцаан өгдөг байсан гэх. Сургуулиудад Рубикийн шооны эвлүүлгийн нууц тэмцээнүүд ч их болдог байсан аж.

Англи улсын сэтгэл зүйчид энэ тоглоомыг шимпанзед өгч үзжээ. Шимпанзе шоог ихэд сонирхсон байдалтай шинжин үзээд, дараа нь маш их уурласан байна. Зарим сармагчин шоог хол гэгч нь шидэж, зарим нь идэхийг хүсч, зарим нь бүүр эвдэн жижиг хэсгүүдэд хуваажээ.

Английн сэтгэл зүйчдийн судалгаа зарим хүмүүс шоог олон цагаар үр дүнгүй эргүүлснээс болж бухимдан шоог эвдэх хүсэл төрдөг болохыг нотолжээ.  Эдгээр хүмүүст зориулж үйлдвэрүүд шоог эвдэх жижиг хуванцар алх хүртэл гаргасан байна. Үүнийг худалдан авахад "Шооны жижиг хэсгүүдээр юу урлаж болох вэ" гэсэн гарчигтай заавар дагалддаг байжээ. 

1998 онд Рубикийн шоо Венгерийн үндэсний шагналыг шилдэг тоглоомоор авчээ. Бас АНУ, Их Британи, Франц, Германд шилдэг тоглоомоор шалгарсан байна.

Харин 1981 онд шоо Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музейд (New York Museum of Modern Art) тавигджээ. Рубикийн шоо Оксфордын толь бичигт ч  багтсан байдаг.

“Хэрвээ та сониуч бол, хэрвээ та хариуг нь олохыг хүсэж байвал, та олж чадна” хэмээн хэлсэн Эрне Рубикийн үг олон сониуч хүнийг "Рубикийн шоо"-нд уруу татаж чадсан юм. 


"Рубикийн шоо" дэлхий нийтэд маш хурдтай тархжээ   
Үзсэн: 3671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй