Шууд Chart

Жолоочийн бүхээггүй робот ачааны автомашин авто зам дээр туршилтад орж байна

2019-12-09 14:43:55

Автомат жолоодлоготой ачааны автомашин үйлдвэрлэгч “Einride” компани Кока-Кола компанийн Европ дахь салбартай хамтран түншлэлийн шинэ гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд жолоочийн бүхээггүй робот ачааны автомашиныг Шведийн авто зам туршилтад оруулж байгаа талаар мэдээлжээ.

Гэрээний хүрээнд Кока-кола компанийн бүтээгдэхүүнийг агуулахаас захиалагч талуудад хүргэж өгөх ажлыг хийж гүйцэтгэх юм. Кока-кола компани дэлхийн олон улсад үйлдвэртэйгээс гадна олон мянган салбар дэлгүүртэй. Тэдгээр бүгд ачаа хүргэлтийн үйлчилгээндээ байгалийн гаралтай шатахуунаар ажилладаг ачааны тэрэг ашигладаг. Энэ нь байгальд хорт утаа үлдээдгээс гадна өндөр зардал үүсгэдэг.

Тэгвэл автомат жолоодлоготой ачааны автомашин кока-кола компанийн хувьд цоо шинэ давуу талыг бий болгож өгч байгаа юм. Тодруулбал, автомашины яндангаас гарах утааны хэмжээ 90 хувь буурна гэж харж байна. Хот хоорондын хурдны зам дээр хийх туршилтыг 2020 оноос эхлүүлэхээр болсон. Einride компани үүсгэн байгуулагдаад 4 жил орчим болж байна.

Шведийн Einride стартап 10-аар сард цахилгаан хөдөлгүүртэй T-Pod нэртэй өөрөө явагч ачааны тэргээ хөгжүүлэх, турших ажлын хүрээнд 25 сая ам.долларын санхүүжилт авсан. Тус ачааны тэрэг бүрэн цэнэглэсэн батарейгаараа зогсолтгүй 200 км зам явдаг. Өөртөө 300 кВт цаг батарейтай. Хиймэл оюун ухаанаар хангагдсан энэхүү ачааны машинд жолоочийн болон зорчигчийн бүхээг огт байхгүй.

Шаардлагатай үед удирдлагын төвөөс жолоодлогыг хяналтандаа шилжүүлэх боломжтой. Ачаа бараа хүргэлтийн үйлчилгээнд энэ мэтчилэн өөрөө яваг техник хэрэгсэл олноороо нэвтэрчихвэл эдийн засаг, зах зээл, цаг хугацаа, борлуулалтын хөгжилд өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жолоочийн бүхээггүй робот ачааны автомашин авто зам дээр туршилтад орж байна  
Үзсэн: 1406 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй