Шууд Chart

Дэлгэцээр үзэхээр дэргэдээс нь үзээрэй

2019-12-10 15:50:13

Их хотын түгжрэл дунд завгүйхэн өнгөрөх өдрүүд хаашаа ч юм бэ биднийг дагуулах мэт. Энэ их бухимдал, түгжрэл, утаанаас хэсэгхэн зуур ч болов холдож, гэр бүлээрээ аялах сан гэх хүслээ хэрэгжүүлж чадалгүй  өнөөг хүрчээ. Багын найз маань утасдаж нөгөөдөр өглөө үүрээр Туркийн Анталья хотын 7 хоногийн аялалд явах уу гэснээр гэнэтийн урилга, гэнэтийн шийдвэрийг гаргуулж Газар дундын тэнгисийн эрэг дэх нарлаг Антальяг зорин үүрийн 6 цагт Улаанбаатараас нисэв ээ. 

Анталья хот 1.3 сая хүн амтай. Турк улсыг зорин ирдэг жуулчдын 45% нь буюу жилд 10 сая жуулчин зөвхөн Антальяг сонгож аялдаг гэнэ. Анар, жүржээрээ алдартай энэ хотод өвлийн улирал эхэлсэн ч +19 хэмийн дулаантай, мод ургамал ногооноороо, аялагчид далайд сэлээд үнэхээр таатай сайхан. Бид ирсэн өдрөө эндэхийн аялал жуулчлалын бүс болох Кемер дүүргийн Akka зочид буудалд тухаллаа. 5 одтой, дэлхийн шилдэг 100 зочид буудлын нэгд зүй ёсоор багтахаар зорилго тавьж ажилладаг энэ буудлын үйлчилгээ, тав тух гэж хэлэх үг алга. Өглөө, өдөр, оройн хоолоо буфет маягаар орж зооглоно. Гаднаа бассейн, усан парктай. Зочид буудал дотроо саун, массаж, фитнесстэй.

Ингээд өрөөндөө орж, өдрийн цайгаа уусны дараа эртний далайн боомт хот байсан Пеллесийн зүг хөдөллөө. Энэ хотруу худалдаачид, жуулчид усан замаар ирэх, буцах 2 гарцтай байжээ. Мөн худалдаа наймаа хийх дэлгүүр, усанд ордог газар, бие засах өрөө, задгай театр гэх мэт түүхийн гэрч болсон туурь жуулчдын сонирхлыг өөрийн эрхгүй татна. Эргэн тойронд дүнхийн харагдах Тросс уул 3000м өндөртэй. 7м өндөртэй далан барьж уулын усыг тогтоож хүн амьдрах боломжтой болгосон учраас Кеммер буюу бүс гэсэн утгатай нэрийг энэ дүүрэгт өгчээ. Усыг бүслээд зогсоосон гэсэн утгатай. Нүдэнд содон туссан нэг зүйл бол халуун орны дал мод байлаа. Дал мод угаас энд ургадаггүй юм байна. Гэвч аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зам дагуу олноор нь нутагшуулж ургуулжээ. 365 өдрийн 300 өдөр нь нар үздэг тул нарлаг хот гэгддэг Антальягийн өвлийн улирлын сэрүүн өдөр нь +14градус хүрдэг.  20 жилийн өмнө л нэг удаа цас орсон нь 30 мин болоод хайлсан түүхтэй. Мусулман шашны нөлөөнөөс болоод гахайн мах идэх нь бүү хэл гахайд гар ч хүрдэггүй. Тиймээс Европын жуулчдаар гахайгаа агнуулах зорилгоор аялал жуулчлалын нэг хэлбэр болгон хөгжүүлжээ.

Бидний 2 дахь өдрийн аялал Дүдэнь хүрхрээг үзсэнээр эхэлсэн юм. Дүдэнь гэдэг нь голын нэр юм байна. Энэ голын төгсгөл эгц өндрөөс далайд цутгаснаар хүрхрээг бий болгожээ. Жуулчдын хөл тасардаггүй газар болох алт мөнгөний дэлгүүр, арьс нэхий, савхин эдлэлийн дэлгүүрээр ороод амжсан.

Газар дундын тэнгист далайн дээрэмчдийн хөлгийг санагдуулам усан онгоцоор аялж, үдийн зоог барин, цэнгэг тунгалаг тэнгисийн усанд шумбах таатай. Усанд сэлж чаддаггүй хүмүүс ч аврах хантааз өмсөөд тогтуун тайван, дулаахан тэнгисийн усанд сэлэх нь хүсэл мөрөөдлийнх нь нэг хэсэг биз ээ.

Үнэндээ үзэл бодол, харилцаа хандлага өөр олон хүн нэгдэж сайхан дурсамж үлдээх аялалд явна гэдэг тухайн аялал жуулчлалын компанийн хамт олны маш их нарийн зохион байгуулалт, аялагчдаа бодсон үйлчилгээ, хөтөлбөрт оршдог юм байна гэдгийг ойлгосон. “Микстрэйвэл компанийнхан 5 одтой зочид буудал, найдвартай, цэвэрхэн, тав тухтай автобус, тайлбарлагчид, баялаг хөтөлбөрийг боловсруулж ажиллажээ.

Өдөр бүрийн хөтөлбөр, үзсэн бүхнээ нарийн дэс дарааллаар бичнэ гэвэл цаг их орох тул тоймлож байгааг ойлгоно биз ээ.

Турк улсруу аялах хүсэлтэй хэн бүхний очихыг хүсдэг газар бол Памуккале. Тийшээ Антальягаас автобусаар 5 цаг явж очно. Замдаа бид 300 гаруй км-ийн гүнтэй, Туркийн хамгийн гүн нуур болох Салда нуурын эрэгт саатсан юм.  Цагаан элсээрээ алдартай юм. Далайн төвшнөөс 1100 м өндөрт оршдог энэ нуур үзэсгэлэнтэй хийгээд сүрдмээр.

 

Алдарт хөвөн цайз Памуккале бол Дэнислэ хотод бий. Манантай юм шиг харагддаг нь халуун рашаан олонтойнх, уур нь тэгж харагдуулдаг байна. Памуккале хүрэх замд эртний Хэраполис буюу ариун хотын тууриар дайрч өнгөрнө. Гладиаторуудын тулаан, алдарт дуучдын хоолойн царааг цуурайтуулсан задгай театр хараа булаана. Зураг сэлтээ авахуулж, хотын түүхээс сонссоны дараа Египетийн хатан Клеопатрогийн гоо сайхны нууцын нэг гэгддэг халуун рашаанд булхлаа. Энэ рашаанд орсон хүн 5 насаар залуужна гэсэн тайлбарлагчийн үгийг “2 өдөр шумбаад 10 насаар залуужаад гэртээ харих минь” гэж  мушгин зарим нэг хошин нөхөд бидэнд инээд бэлэглээд амжсан шүү.

Хөвөн цайзын эргэн тойрон анир чимээгүй. Гэвч тусгайлан татсан шуудуугаар урсах халуун рашааны чимээ, жуулчдын гайхаж бахархсан үг яриа хөвөн цайзыг амь оруулах мэт. Дундаа гүн хонхорхойтой чулуунуудыг дамжин 35-57 градусын байгалийн халуун рашаан 320 метр зам “туулан” урсдаг. Эртний грек, ромчууд нүүрсхүчлийн давс хүний биед онцгой ач холбогдолтойн нууцыг мэддэг байж. Тиймээс ч Памуккале буюу эртнийг спа-г байгуулж байж.

Тэртээд цэнхэртэх уулс, доор харагдах ногоон нуур, эргэн тойрон цагааран хүрээлэх хөвөн цайз тэр чигтээ үлгэрийн орон шиг юм. Цэнхэр гаригийн сониуч жуулчдыг Турк улсын зүг соронзон мэт татдаг хүч яагаад Памуккале байдгийг энд ирсэн хүмүүс ойлгоно. Туркт 2-хон газар л агаарын бөмбөлөг хөөргөх үйлчилгээ байдгийн нэг нь Дэнислэ хотод буюу Памуккалегаас холгүйхэн байна. Биднийг хөвөн цайзаас холдон явах үед хараа булаасан өнгө өнгийн агаарын бөмбөлөг агаарт хөөрч байхыг үзлээ. Энэ үйлчилгээ нь Каппадокиад 350 доллар байдаг бол энд харьцангуй хямд нэг хүний ердөө л 190 доллар байдаг гэнэ.

Дэнислэ хотод байрлаж хоносон “Хэраполис” буудалд амрагчид ил задгай байрлах халуун рашаанд тухлангаа алсыг ширтэж, аяллын сонин сайхнаа ярилцаж үдшийг таатай өнгөрөөснийг дурдалгүй өнгөрөхийн аргагүй.  

Нүд ирмэхийн зуур өнгөрсөн 7 хоног дурсамж дурдатгалаар дүүрэн байлаа. Хүн бүрийн тав тухыг бодож, хамгийн сайхнаар аялуулж, олон зүйлийг үзүүлэхийг хүссэн Микс трэйвэлийнхэндээ баярлалаа. Дэлгэцээр үзэхээр дэргэдээс нь үзээрэй.

 

Аялагч Х.Шинэ-Од

Нийтэлсэн: Х.Шинэ-Од

Дэлгэцээр үзэхээр дэргэдээс нь үзээрэй  
Үзсэн: 2287 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй