Шууд Chart

Хүннү эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №9

2014-03-18 14:19:01

Ханой хотын усан паркд өнжив...
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
Ханой хот гэлтгүй ер нь л Вьетнам улс нэн хурдтай хөгжиж байна. Үүний нэг илрэл нь Ханойд сүүлийн үед баригдаж байгаа орчин үеийн томоохон цогцолборууд билээ. Түүний нэгээр зочлов. Би хаашаа ч явсан хүмүүс гэр бүлээрээ очиж амар тайван, аз жаргалтайгаар цаг хугацаагаа өнгөрүүлэх боломжтой бүсүүдийг нь сонирхож яг үүн шиг сайхан газрыг эх орондоо бий болгох юмсан гэж мөрөөдөж явдаг хүн. Би эс чадлаа гэхэд миний тэмдэглэлийг хараад хэн нэгэн мөнгөтэй эрхэм энэ сайхан бизнесийг хийгээсэй хэмээн залбирч байдаг нэгэн. Тиймээс ч хэрэг болгон энэхүү усан паркыг зорьсон юм. Монголчууд бид ч бас хүүхдүүдээ машинд дайруулчих вий гэж, хөгшдөө хэн нэгэн онгироо нөхрийн дуут дохионоос цочин даралт нь ихсэх вий гэж санаа зовохгүйгээр хамтдаа амрах эрхтэй улс юм шүү дээ. Даанч манай хот төлөвлөлт нь байшин барих гэдэг ганцхан замтай юм шиг байх. Уг нь хүн амрах, хөгжих зүйлсдээ жаахан ч гэсэн талбай гаргачихвал болохгүй зүйлгүй мэт санагдах.

Vinpearl water park нь Ханой хотын бас нэгэн нүүр царай болсон Royal city хорооллын доод давхарт байрлана. Энэ хорооллын үүдээр ороход л хүрхрээг өгсөн тэмүүлж байгаа лусын дагинастай ханнаас эхлээд өндөр зэрэглэлийн газарт орж ирлээ хэмээх сэтгэгдэл төрж байгаа юм. Томоохон брэндүүдийн дэлгүүр, тэшүүрээр гулгах талбай, ресторан зоогийн газрууд, үйлчилгээний нэгжүүд бүхий энэ том цогцолборын энд тэндгүй л төрөл бүрийн арга хэмжээ явагдаж байх.
Бид хоёр кока кола компаний рекламны хөтөлбөрт хамрагдан хөдөлгөөн мэдрэгч дэлгэц дээр цэцэг ургуулдаг тоглоомоор тоглон тэрүүхэндээ л баясаад авлаа. Энэ мэт хэрэглэгчдийг татах шинэлэг маркетингийн шийдлүүд манайд жаахан дутмаг байна уу даа.

Усан парк гэсэн зорилготой яваа тул мөсөн талбайд тоглож байгаа нөхдийг жаахан харж байгаад цааш явлаа. “Хөлд орж байгаа” буюу анхлан суралцагчдад зориулсан далайн гахай, пингвиний хэлбэртэй түшүүр их хөөрхөн санаа байсан шүү.
Ингээд хүний 175000 VND \Монголоор бол 15000 орчим төгрөг\ төлөөд паркруугаа яваад орчихож байгаа юм. Нэг л төлбөр төлсөн бол хугацаа үгүй тул та өдөржин ч тэнд зугаацаж болно. Хэрэв та усны хувцасгүй очвол тэндээс нь түрээслээд өмсчихөж ч болдог л юм билээ.

Дотроо ёстой нэг усаар зугаацаж болох бүх зүйл байна. Олимпийн стандартын 6 замтай бассейнаас гадна энгийн сэлж сурагчдад зориулсан боломжийн гүнзгийтэй бассейн байна. Хүүхдийн болон насанд хүрэгчдийн бүс байх бөгөөд хэн нэг нь аюулд орох вий хэмээн сэрэмжлэн байнга харж суух аврагч нар хаа сайгүй харагдана.

Хиймэл давалгаа үүсгэгчтэй бассейн, сарпинг буюу тавцангаар гулгах хэсэг, трамплинаас үсрэх цөөрөм, зүгээр туучиж явах, тоглох боломжтой гүехэн хэсгүүдээс гадна төрөл бүрийн замтай гулгуурууд харин ч төрөл бүрээрээ байнаа байна.
Энгийн алслалттай, огцом хүрхрээрүү унах, ганцаараа гудастай гулгах, олуулаа завь шиг юмаар гулгах гэх мэт сонголт бол зөндөө юм. За тэр хүрхрээрүү унадаг энэ тэрд бол зүрх муутай хүн ороод хэрэгггүй байх хэ хэ. Липт шиг юманд оруулаад хана түшүүлж байгаад 3 2 1 0 гээд чөлөөт уналт шүү дээ ккк.

Мэдээж хүн амьтны хэрхэн баясахыг харангаа амарч суух сандал, саравч ч зөндөө байсан. Зураг авдаг баатар болж байж хальтраад камертайгаа усанд унан камераа эвдэлчихсэн харамсалтай явдал энд болов. Тэгэхдээ та нарын нүдийг баясгах зураг авч амжсан байлаа. Энэ сайхан аялалыг баримтжуулахгүй ингээд дуусгаж болохгүй хэмээн сэтгээд даруйд камерний зах орон Canon 400D худалдаж авснаар цаашид үргэлжлэх тэмдэглэлүүдийг тэр камераар авсан зурагнуудаас хүргэх болно.

Энэ хүртэл бидний нүд, санах ой болж ирсэн Canon 1000D камертаа гялайлаа. Харин энэ гайтай явдлаас болоод бас нэг зорьж үзэхээр шийдсэн байсан үндэстний онцлогийн музей буюу эйтник музейг та бүхэнд сонирхуулж чадахгүй болсондоо хүлцэл өчмөөр байна. Камерийн зах энэ тэр орж оройтоод бид ч үзэж чадаагүй юм. За ингээд илүү дэлгэрэнгүй илүү сонирхолтой зүйлсийг зурагнаас үзнэ биздээ.

Дараагийн тэмдэглэлд алдарт ЮНЕСКО-ийн байгалийн өвд бүртгэгдсэн Хау Лонг Бэй-рүү хэрхэн аялсан тухай гарах болно.
Эцэст нь аялал бүрийн хамаг хүндийг нуруундаа үүрч, ид хаваа гайхуулж явдаг эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе!

Хүннү эйртэй аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т





























































Нийтэлсэн: Анжигай

Хүннү эйртэй-10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №9  
Үзсэн: 3773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй