
Боливын цагдаагийн газар Ла-Пас дахь Мексикийн Элчин сайдын яаманд бүгж байгаа Боливын өмнөх Засгийн газрын гишүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг шаардлаа. Ла-Пасын цагдаагийн газрын тэргүүн Уильям Кордеро мягмар гарагт мэдэгдэхдээ, “Мексикийн Элчин сайдын яамны ажилтнууд өөрсдийгөө урхинд орчихлоо гэж бодохгүй байх аа гэж найдаж байна. Гэхдээ тэд Боливын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж, дипломат албаны газарт орогнож байгаа этгээдүүдийг шилжүүлэх нь зүйтэй” гэжээ.
Мексикийн Элчин сайдын яаманд хэд хэдэн экс сайд бүгж байгаа, тэднийг бослого, алан хядах ажиллагаанд уриалсан хэргээр сэжиглэж байгаа гэсэн байна.
Тэгвэл Мексикийн зсаг захиргаанаас Боливын шилжилтийн Засгийн газрыг Ла-Пас дахь дипломат объектуудынх нь халдашгүй байдлыг зөрчиж байна гээд хамгаалалт, аюулгүй байдлыг нь зөрчсөн ямар ч үйлдэл гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна.
Боливын шилжилтийн Засгийн газрын Гадаад хэргийн сайд Карен Лонгарикийн мэдээлснээр, экс Ерөнхийлөгч Эво Моралестай холбоотой 20 орчим улс төрч өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр Мексикийн ЭСЯ-ны газар нутагт нуугджээ. Улс төрчдийг баривчлан саатуулах шийдвэр гарсан тул тэд ЭСЯ-наас гарах боломжгүй, гарлаа л бол баригдана гэсэн үг юм.
Эво Моралесын хувьд сонгуулийн будлианаас болж төрийн тэргүүний албаа өгч, удалгүй Мексик рүү гарсан. Харин саяхан Аргентин руу нисч, эндээ дүрвэгчийн статус авсан байна.
Боливын өмнөх Засгийн газрын гишүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэхийг шаардлаа | ||
Үзсэн: 822 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.