
Ираны засаг захиргаанаас Тегеранд гарсан “Боинг” онгоцны ослын үеэр амиа алдсан украинчуудын ар гэрийнхэнд тус бүр 80 мянган ам.долларын тэтгэмж олгох санал тавьсан боловч Украины тал хүлээн аваагүй байна. Энэ тухай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ.
Тэрбээр “Тэд амиа алдсан хүн бүрийн ар гэрийнхэнд 80 мянган ам.доллар санал болгосон ч бид хүлээн аваагүй. Энэ бол бага мөнгө гэж би бодож байна. Амиа алдсан хүний эхнэр нь нөхрөө, ар гэрээ тэжээж авч явдаг цорын ганц хүн байсан. Өөрөө ажилгүй, дээр нь хүүхэд нь дээд сургуульд орох хэрэгтэй гэж хэлэхээр 80 мянга үнэхээр багадна” гэж хэлжээ. Түүнчлэн Киевийн талаас энэ мөнгийг аль болох нэмэгдүүлэхийг шаардах ч хүний амь насыг ямар ч мөнгөөр хэмжиж болохгүй гэж онцлон тэмдэглэсэн байна.
Украины тал энэ асуудлаар олон улсын шүүхэд хандах болно гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн. Мөн Украины засаг захиргаанаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр 8300 ам.доллар өгсөн. Тэтгэмжийн хоёр дахь хэсгийг даатгалын компаниудаар дамжуулан “Украины олон улсын агаарын шугам” компаниас авах боломжтой гэсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский онгоцны ослын асуудлаар Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай хоёр ч удаа ярилцсан. Энэ үеэр Роухани зөвхөн өөрсдөө буруутай болохоор буруутай этгээдүүдэд шийтгэл хүлээлгэхийн тулд бүгдийг хийнэ. Нөхөн олговор өгнө гэж хэлсэн гэжээ.
Тегеранаас Киев рүү нислэг гүйцэтгэж явсан Украины агаарын тээврийн компанийн “Боинг 737-800” онгоц нэгдүгээр сарын 8-нд хөөрснөөсөө хойш удалгүй сүйрсэн юм. Онгоцонд байсан 176 хүнээс нэг нь ч амьд гарч чадаагүй. Энэ онгоцонд Украины 11 иргэн байсан. Эхэндээ Ираны талаас техникийн доголдлоос болж онгоц сүйрсэн гэж байсан ч удалгүй санаандгүйгээр пуужингаар харваж унагаснаа хүлээсэн. Владимир Зеленский амиа алдсан хүмүүсийн цогцсыг эх оронд нь авчрах, нөхөн олговор олгох, буруутай хүмүүсийг хариуцлагад татахыг Ираны засаг захиргаанаас шаардсан байна.
Владимир Зеленский: Тегеранд гарсан “Боинг” онгоцны ослын асуудлаар олон улсын шүүхэд хандана | ||
Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.