
Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Ганбаатар, Монгол, Хятад хоёр орны холбогдох байгууллагын удирдлага, зочид, Хятадын төв радио телевиз, Синьхуа агентлаг, “Рэньминь Рибао” сонин зэрэг хоёр орны хэвлэл мэдээллийн 10 гаруй байгууллагын сэтгүүлч оролцов.
Энэ үеэр Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Ганбаатар “Монголын соёл, аялал жуулчлалын салбарынхан урт хугацааны турш БНХАУ-аас Монгол Улсад ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн олон талын дэмжлэг туслалцааг хүртсээр ирсэн. Өнөөдөр бид Хятадын ард түмэнд сэтгэл санаа нэгтэй хамт байгаагаа илэрхийлэхийн ялдамд, Хятадын Төв Засгийн газар, орон нутгийн захиргааны өндөр үр ашигтай удирдлага болон бүх Хятадын ард түмний эв санаа нэгтэй хамтын хүчин чармайлт дор, Хятад улс өвчний дэгдэлтийг маш түргэн тогтоон барьж, өвчтөнүүдийг оношлон эмчилж эдгээнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
Дараагаар нь Элчин сайд Чай Вэньрүй “Энэ хандивын арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Монголын соёл, аялал жуулчлалын салбарынханд ЭСЯ-ныхаа өмнөөс талархал илэрхийлье. Шинэ коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш, ХКН-ын Төв Хорооны удирдлага дор, Хятадын ард түмэн эв санаа нэгтэйгээр өвчин хижгээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих хатуу шуурхай тэмцэл хийж байна. Коронавирусийн халдвар дэгдсэний дараа, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ли Кэчянд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-д цахилгаан утас илгээж сэтгэл санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Засгийн газраас Хятадын талд 200 мянган ам.доллар хандивлаж, Монголын нийгмийн олон салбарынхан ч олон зам сувгаар Хятадын талтай харилцаж, хандив цуглуулах арга хэмжээг зохион байгуулж байна. Соёл, аялал жуулчлалын салбарынхны санаачлан зохион байгуулсан өнөөдрийн арга хэмжээ дээр дурдсан цуврал арга хэмжээний нэг юм. Энэ нь сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжсөний үр дүн бөгөөд хоёр орны ард түмэн хоорондын чин үнэнч найрамдал нөхөрлөлийг харууллаа.
Монголын найз нөхдийн зүгээс нинжин сэтгэл, хайр халамж үзүүлж байгаад бид чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж байна. Уул усаараа хаяа даран оршиж, хувь заяагаа хамтатгаж буй сайн хөршийн хувьд, аюул зовлонд тулгарсан энэ үед, манай хоёр орны ард түмэн хамтын хүчин нийтийн зоригоор өвчин хижгийг даван туулж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сайтар хамгаалж чадна гэдэгт итгэж байна” гэж тэмдэглэв.
Ташрамд хэлэхэд, Хандивын уг арга хэмжээг 2019 онд Хятадын ТӨЗО-ныг зорьсон Монголын соёл, аялал жуулчлалын салбарын айлчлалын багийнхан санаачлан зохион байгуулсан бөгөөд нийт гурван мянган ам.долларын хандив цуглуулан, эмнэлгийн зориулалттай 1500 амны хаалт, 2000 бээлий болон хамгаалалтын зориулалттай бусад хэрэгсэл худалдан авч, Хятадын ӨМӨЗО-ны Баян-нуур хотын Ганц-мод боомтод хандивлаж байгаа юм.
Соёл, аялал жуулчлалын салбарынхан БНХАУ-д хандив өглөө | ||
Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.