
МҮОНРТ-ийн “MNB World” суваг 2018 оны арванхоёрдугаар сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд өдөр бүр 12 цагийн эфирийг англи хэлээр бэлтгэн үзэгчдэд хүргэж Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, түүх, соёл, өв уламжлалын талаар болон урлаг, спортын салбарын олон талт мэдээллийг гадаадын үзэгчдэд хүргэж Монгол орноо сурталчлах чиглэлээр ажиллаж байна.
Монгол Улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхай, эрдэс баялгийн салбарын нөхцөл байдал, цаг үеийн мэдээллийг гадаадын үзэгчид болон хөрөнгө оруулагчдад сар бүр тогтмол хүргэх нь “Mining Mongolia” нэвтрүүлгийн зорилго юм.
Түүнчлэн уг нэвтрүүлгийг эдийн засаг, уул уурхайн төрөлжсөн “Mongolian mining journal” сэтгүүлийн редакцтай хамтран бэлтгэж байна.Тус сэтгүүл нь 2008 оноос хойш сар бүр монгол, англи хэлээр тогтмол хэвлэгдэн гарч Монголын болон олон улсын уншигчдыг уул уурхайн салбарын мэдээллээр хангаж байгаа анхдагч сэтгүүл юм.
“Mining Mongolia” нэвтрүүлэг баталгаатай эх сурвалжид суурилсан мэдээлэл, олон талын байр суурь, салбарын бодлого, хөрөнгө оруулагчдын дуу хоолой, төр засгийн шийдвэр, шинжээчдийн дүгнэлт зэргийг багтаасан өргөн агуулга бүхий, олон улсын үзэгчдэд зориулсан нэвтрүүлэг гэдгээрээ онцлог.
Уг нэвтрүүлгээр дамжуулан уул уурхайн салбарын мэдээллээ олон нийтэд хүргэх, хамтран ажиллах боломж аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид болон салбарын мэргэжилтнүүдэд нээлттэй.

“Mining Mongolia” нэвтрүүлэг “MNB World” сувгаар үзэгчдэд хүрнэ | ||
Үзсэн: 1079 | Mongolian National Broadcaster |