
БНХАУ-д шинэ төрлийн вирус дэгдсэнийг анх анхааруулсан найман эмчийн нэг Ли Вэньлян баасан гарагийн шөнө коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны улмаас өөд боллоо гэж Ухань хотын төв эмнэлгийн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Сөүт Чайна Моонинг Пост” сонинд мэдээлжээ. Уг нь Ли Вэньлян нас барсан тухай Хятадын хэд хэдэн хэвлэлд мэдээлсэн боловч удалгүй мэдээллийг устгасан байна. 34 настай, Ухань хотын нүдний эмч байсан түүнд нэгдүгээр сарын 10-нд халдварын шинж тэмдэг илэрч, улмаар нэгдүгээр сарын 12-нд эмнэлэгт хэвтсэн байна.
Ли Вэньлян халдварын дэгдэлтийн талаар мэдээлж, өвчнийхөө талаар ярьж эхэлснээс хойш улс даяар алдаршсан юм. Хятадын “твиттер” гэгддэг “Вэйбо”-гийн мянга мянган хэрэглэгч түүний өвчинтэйгөө хэрхэн тэмцэж байгаа тухай постуудыг үзэж, түүнийг "баатар" хэмээн нэрлэж байлаа.
Ли Вэньлян өнгөрөгч 12 дугаар сард нүдний эмчээр ажиллаж байхдаа шалтгаан нь үл мэдэгдэх өвчний долоон тохиолдлыг анзаарч, энэ өвчнийг үүсгэгч нь САРС-ын коронавирустэй төстэй болохыг мэдээлж байжээ. Энэ тухай тэрбээр 12 дугаар сарын 30-нд ажлынхаа хамт олны группт мэдээлсэн боловч дөрөв хоногийн дараа Олон нийтийн аюулгүй байдлын газраас түүнийг нийгмийн эмх журмыг эвдэх зорилгоор ийм мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрсөн баримтад гарын үсгээ зурахыг шаарджээ. Тухайн үед цагдаа нар “цуу яриа дэгдээсэн” гэх найман хүнийг шалгаж байгаа гэж байсан юм.
Харин нэгдүгээр сарын сүүлчээр вирусийн дэгдэлт эрчимжих үеэр тэрбээр гарын үсэг зурсан баримтаа “Вэйбо”-д дэлгэж, өөрөө ч бас халдвар авсан гэсэн байна. Хятадын засаг захиргаа Лигээс уучлалт гуйсан боловч эмч өвчнөө дийлэлгүй нас баржээ.
Өнөөдрийн байдлаар Хятадад шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдол 31.1 мянгад хүрч, 636 хүн нас барж, 1540 хүн эдгэрсэн гэж Хятадын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооноос мэдээлжээ.
БНХАУ-д шинэ төрлийн вирус дэгдсэнийг анх анхааруулсан найман эмчийн нэг нас баржээ | ||
Үзсэн: 2531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.