Шууд Chart

Дональд Трамп: Энэ удаагийнх шиг зүйл өөр ямар ч Ерөнхийлөгчид тохиолдох ёсгүй

2020-02-07 16:36:38

Эрх мэдлээ ашигласан, хууль шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэдэг ялаас мултарч, цагаадсаныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяраа тэмдэглэлээ. Түүнд тулгасан ял, хариуцлагыг сенатын гишүүд лхагва гарагт хүчингүй болгож, цагаатгасны дараа Дональд Трамп энэ баяраа тэмдэглэн, улс төрийн өрсөлдөгчдөө шүүмжилжээ.

Дональд Трамп "Цагаан ордон"-д цаг гаруйн хугацаанд хэлсэн үгэндээ “Энэ бол хэвлэлийн хурал, илтгэл мэдэгдлийн аль нь ч биш. Энэ бол баяр” гээд “Энэ бол төгс ялалт. Энэ удаагийнх шиг зүйл өөр ямар ч Ерөнхийлөгчид тохиолдох ёсгүй” гэж намын гишүүд, дэмжигчдийнхээ өмнө мэдэгдсэн байна.

Ингэхдээ Дональд Трамп “Итгэл үнэмшлээ өөрийнхөө буруу бодсон зүйлийг зөвтгөхөд ашигладаг хүмүүст дургүй” гэж сенатад болсон шүүх хурал дээр өөрийнх нь эсрэг санал өгсөн намын гишүүн Митт Ромниг шүүмжилсэн бол, Төлөөлөгчдийн танхимын дарга бөгөөд Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ненси Пелоси, Төлөөлөгчдийн танхимын Мөрдөн шалгах хорооны дарга Адам Шифф гэх мэт сөрөг хүчний улстөрчдийг “Манай улс орныг сүйтгэж, нураахыг хүсдэг, зэвүүцэж жихүүцмээр хүмүүс” гэсэн байна. Мөн улстөрчдөөр зогсохгүй, АНУ-ын Холбооны мөрдөх товчооны өнөөгийн болон өмнөх удирдлагуудыг хэл амаар доромжилж, эрх баригч Бүгд найрамдах намын нөхдийнхөө үнэнч байдалд итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Зарим хэвлэлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цагаадсаныхаа дараа хэлсэн үгс, гаргаж байгаа үйлдэл 1999 онд сенатын танхимын олонхийн саналаар цагаадсаныхаа дараа Америкийн 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны хэлсэн үгнээс эрс ялгаатай байна гэж бичсэн байна.

Тухайн үед Билл Клинтон Ерөнхийлөгч ял зэм хүлээх хэрэгт холбогдож, Конгресс болон Америкийн ард түмэнд том ачаа үүрүүлсэн үйл явдлуудыг эхлүүлсэндээ уучлал гуйж байжээ. Харин Америкийн 45 дахь Ерөнхийлөгч “Худал хуурмаг зүйлүүдийг туулах шаардлагатай болсондоо гэр бүлийнхнээсээ уучлал гуйя” гэж мэдэгдлийнхээ төгсгөлд хэлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп: Энэ удаагийнх шиг зүйл өөр ямар ч Ерөнхийлөгчид тохиолдох ёсгүй  
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бат [127.0.0.xxx] 2020-02-07 18:59
Үнэхээр л Амеркийн эдийн засаг нь сэргээд л ирлээ.Манай ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёр маань ч сэргээх гээд гал асаах гээд үзээд л байна.нэг л өдөр манай сэргэнэ гэдэгт үргэлж итгэдэг дээ.манай хувьд саарал жагсаалтаасаа л гарчих хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй