
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Уг хэвлэлийн бага хурлаар “Монгол Улсын шүүхийн 2019 оны шүүн таслах ажил дүн мэдээ”, “Шүүхийн ачаалал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Мөн олон нийтийн анхааралд байгаа хэргийг шүүх хэрхэн шийдсэн талаар тодруулга, мэдээлэл өглөө.
Монгол Улсын шүүх 2019 онд 51 тэрбум 12 сая төгрөгийн төсөв, бүх шатны шүүхийн 505 шүүгч, 1421 захиргааны ажилтны хүний нөөцөөр 86983 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол Улсын анхан шатны шүүхүүд 2019 онд эрүүгийн 13427 хэрэг, иргэний 43397 хэрэг, захиргааны 1747 хэрэг, зөрчлийн 18398 нийт 76969 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 15366 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 17829 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 1302 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 3162 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар, захиргааны хэрэг 1.7 хувиар, зөрчлийн хэрэг 36 хувиар тус тус өсөж, иргэний хэрэг 11.1 хувиар буурсан байна. Давж заалдах шатны шүүх 2019 онд эрүүгийн 2286 хэрэг, иргэний 3082 хэрэг, захиргааны 1416 хэрэг, зөрчлийн 363 хэрэг, нийт 7147 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Хяналтын шатны шүүх 2019 онд эрүүгийн 927 хэрэг, иргэний 1332 хэрэг, захиргааны 608 хэрэг, нийт 2867 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна. Шүүхээс 21.5 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 68.9 хэрэг, 2018 онд 123.6 хэрэг, 2019 онд 138.9 хэрэг, Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 63 хэрэг, 2018 онд 76.6 хэрэг, 2019 онд 86.1 хэрэг, Сум дундын шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 28.3 хэрэг, 2018 онд 28.4 хэрэг, 2019 онд 34.5 хэрэг тус тус ногдож байна.
Шүүхийн ачаалал нэмэгджээ
Сүүлийн 3 жилийн дунджаар Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 55.3 хувиар, Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 32.1 хувиар, Сум дундын шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 18.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 25.9 хэрэг, 2018 онд 28.9 хэрэг, 2019 онд 30.1 хэрэг, Хяналтын шатны шүүх /УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхим/-ийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 48.8 хэрэг, 2018 онд 95 хэрэг, 2019 онд 112.3 хэрэг тус тус ногдож байна.
Сүүлийн 3 жилийн дунджаар Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 14,4 хувиар, Хяналтын шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 64,0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Мөн 2019 онд анхан шатны журмаар шийдвэрлэсэн нийт 13427 эрүүгийн хэргийн 7362 хэргийг буюу 55.0 хувийг дүүргийн шүүхүүд, 5192 хэргийг буюу 39.0 хувийг аймгийн шүүхүүд, 873 хэргийг буюу 6.0 хувийг сум дундын шүүхүүд шийдвэрлэлээ.
“Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал боллоо | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.