Шууд Chart

Зарим хүнд гэмт хэргийн тоо өсчээ

2020-02-10 13:48:01

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.  Уг хэвлэлийн бага хурлаар “Монгол Улсын шүүхийн 2019 оны шүүн таслах ажил дүн мэдээ”, “Шүүхийн ачаалал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Мөн олон нийтийн анхааралд байгаа хэргийг шүүх хэрхэн шийдсэн талаар тодруулга, мэдээлэл өглөө.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • Хүнийг алах гэмт хэрэг 9 хэргээр буюу 5.1 хувиар;
  • Хүчиндэх гэмт хэрэг 46 хэргээр буюу 16.3 хувиар
  • Хулгайлах гэмт хэрэг 118 хэргээр буюу 7.6 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 15 хэргээр буюу 5.0 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 71 хэргээр буюу 1.2 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 117 хэрэг буюу 11.5 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 95 хэргээр буюу 82.6 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 4 хэргээр буюу 7.1 хувиар,
  • Залилах гэмт хэрэг 151 хэргээр буюу 33.3 хувиар,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт 42 хэргээр буюу 32.8 хувиар тус тус өссөн байна.
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 27 хэргээр буюу 7.7 хувиар буурсан байна.

Урьд ял шийтгүүлсэн хүний тоо өсөв

Монгол Улсын анхан шатны шүүхээс нийт 13011 хүн, 4 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ял шийтгүүлсэн нийт 13011 хүнийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 68 хүн буюу 4.9 хувиар, урьд ял шийтгүүлсэн хүний тоо 391 буюу 15.0 хувиар, өсвөр насны хүний тоо 58 хүнээр буюу 19.2 хувиар тус тус өссөн байна. Мөн бүлэглэж үйлдсэн хүний тоо 9.9 хувиар, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 11.9 хувиар тус тус буурчээ.

Ял шийтгүүлэгчдийн дотор 18-29 насны ял шийтгүүлэгчид 5444 байгаа нь нийт ял шийтгүүлэгчдийн 41.8 хувийг эзэлж байна.

Гэмт хэргийн улмаас 16520 хүн, 284 төрийн байгууллага, 99 компани,  2 хоршоо, 10 төрийн бус байгууллага хохирсон байна.

Иргэний хэрэг 11.1 хувиар буурав

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4758 хэрэг буюу 9.9 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад ажилласан жил тогтоосон маргаан 4147 хэргээр буюу 35.5 хувиар, гэрээний эрх зүйн маргаан 197 хэргээр буюу 1.5 хувиар, гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаан 85 хэргээр буюу 6.8 хувиар, банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлтэй холбоотой маргаан 456 хэргээр буюу 28.6 хувиар, гэрлэлт цуцалсан маргаан 209 хэргээр буюу 7.1 хувиар, ажлаас үндэслэлгүй халагдсан маргаан 285 хэргээр буюу 30.2 хувиар, цалин хөлсний маргаан 141 хэргээр буюу 22.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 445 хэргээр буюу 12.6 хувиар, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 742 хэргээр буюу 35.8 хувиар тус тус буурсан байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зарим хүнд гэмт хэргийн тоо өсчээ  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй