Шууд Chart

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг бууруулахад нөлөө үзүүлжээ

2020-02-10 14:25:44

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.  Уг хэвлэлийн бага хурлаар “Монгол Улсын шүүхийн 2019 оны шүүн таслах ажил дүн мэдээ”, “Шүүхийн ачаалал” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Мөн олон нийтийн анхааралд байгаа хэргийг шүүх хэрхэн шийдсэн талаар тодруулга, мэдээлэл өглөө.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэсэн 12860 өргөдлөөс 9227 буюу 71.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 3633  буюу 28.3 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Мөн 2019 оны бүтэн жилд нийт 37387 (хэрэгсэхгүй болгосон хэргийг хассанаар) иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 9227 өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн 19.7 хувь байна. Энэ нь иргэний хэргийн шүүхийн ачааллын 1/5 орчмоор бууруулсан гэж хэлж болохоор байна.

Захиргааны нийт хэрэг 1.7 хувиар өсөв

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 109 хэрэг буюу 6.7 хувиар өссөн байна.Төрийн албаны маргаан 63 хэргээр буюу 18.8 хувиар, газрын маргаан 87 хэргээр буюу 20.9 хувиар, ашигт малтмалын маргаан 26 хэргээр буюу 16.9 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 16 хэргээр буюу 24.6 хувиар тус тус буурсан байна.

Харин төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 80 хэргээр буюу 2.3 дахин, тендерийн маргаан 13 хэргээр буюу 21.3 хувиар, татварын маргаан 31 хэргээр буюу 52.5 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 13 хэргээр буюу 59.1 хувиар тус тус өссөн.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 34 хэргээр буюу 2.5 хувиар өсөж, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 81 хэргээр буюу 11.8 хувиар буурсан байна.

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 36.0 хувиар өсөв

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2019 онд харьяаллын дагуу зөрчлийн 17629 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 769 шийдвэрийг хянаж,  нийт 18398 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс харьяаллын дагуу 17990 хүнд холбогдох 17656 хэргийг хүлээн авч, 17629 хэргийг хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 27 хэргийн үлдэгдэлтэй, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан тохиолдол гараагүй байна.

  • ЗтХ-ийн 14.7-5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэг нь хамгийн их дүнтэй шийдвэрлэгдсэн бөгөөд нийт хэргийн 43 хувийг дангаараа эзэлж байна.
  • ЗтХ-ийн 5.2 дугаар зүйлд заасан Танхайрах зөрчил 2 дахин өссөн.

            Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд тайлант хугацаанд 391 зөрчлийн хэрэг хүлээн авч, 17 хэргийг хүлээн авахаас татгалзан буцааж, 363 хэргийг хянан шийдвэрлэж, 11 хэргийн үлдэгдэлтэй байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг бууруулахад нөлөө үзүүлжээ  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй