
Байгалийн гайхамшигт цогцолбор Хаулонг Бэй
--------------------------
Өглөө эртлэн боссон бид гэрийн эзэгтэйн гараа гарган бэлдсэн цайг уугаад таксигаар жуулчны гудамжинд очин хамгийн их төлөвлөж, заавал очиж үзнэ хэмээн зорьсон Хавлонг Бэй хүргэх автобусаа хүлээлээ. Өглөө эрт байсан тул замын хөдөлгөөн харьцангуй сийрэг байлаа. Тэгэхдээ жуулчны гудамжинд бол амьдрал хэдүйн эхэлсэн байна.
Өчигдөр бид хүний 65 доллараар 2 өдөр, 1 шөнийн завин дээр хонох аялалын тасалбар авсан билээ. Азийн шинэ жил болох гээд Вьетнамчууд дотроо ч маш их хөдөлгөөнтэй байхаас гадна хойд зүгээс Хятад гэдэг их айлын амрагчид маш олноороо ирсэн тул 65 доллар л хамгийн хямд тасалбар байлаа. Мэдээж үйлчилгээний чанар, завьний тохижилт хамгийн гол нь завин дээр өгөх хоолноосоо хамааран үнэ янз бүр л байдаг юм байна: Та бэнчин сайтай бол хосоороо бүтэн завь хөлсөлсөн ч болох юм билээ. Үнэнд Ханой- Хавлонг Бэй-Ханой унаанаас эхлээд бүх зүйл багтсан. Зөвхөн уух зүйлс л багтаагүй юм.
Автобус хүлээнгээ энгийн, ажилсаг Вьетнамчуудын өглөөний амьдралыг сонирхож зогслоо. Үүргийн худалдаачид жимсээ заран гүйлдэж байхад жуулчны гудамжинд амьдрангаа ажилдаг хүмүүс нь гэрээсээ гарч ирэн гудамжиндаа сууцгааж байгаад цайгаа уух нь бидэнд их л сонирхолтой харагдаж байлаа. Гэртээ тохьтой цайлахгүй заавал гудамжинд гарч ирж амьтны хөл хөдөлгөөн дунд ингэж цайлах нь хэцүү байдаггүй л юм байлгүй дээ ккк.
Удалгүй автобус ирж бид хоёрыг авлаа. Түмэн хэлийн нөхөд нэг дор явж байна. Бид бол нэг онгоцныхон ажээ. Тэгэхдээ зарим нь 2-3 шөнө ч тэнд байх юм байна. Бид хоёрын хувьд нэг шөнө задгай далайд хонох нь хангалттай бөгөөд ямархуу мэдрэмж, адал явдал, байгалийн гоо үзэсгэлэн хүлээж байгаа бол хэмээн догдолсоор аялалаа эхэллээ.
Ханой хотоос зүүн тийш гарч давхих автобусны цонхоор харагдах хотын иргэдийн даалуу мэт нарийхан өндөр байшингууд, ажил сургуульдаа яаран мотоцикл дээрээ 3 болон түүнээс олуулаа суун давхилдах иргэд бол Ханой хотын салшгүй хэсэг.
Хаулонг Бэй хүрэхээс өмнө замдаа нилээн том бэлэг дурсгалын дэлгүүр дээр зогсдог. Тэндээс юм аваад хэрэггүй юм билээ. Яг ижил зүйлс нь Ханойн жуулчны гудамжинд хамаагүй хямд байгаа. Харин халуун зайдас болон донэр мэт хачиртай талхыг нь авч идээрэй. Завиндаа сууж өдрийн хоол идэх хүртэл өлсөнө шүү.
Нийт жуулчдыг завинд нь дарааллын дагуу эмх цэгцтэй суулгах Бэй Чэй төв дээр буусны дараа автобусныхан болон хөтөчтэйгээ ойрхон яваарай. Төөрсөөр олон хүмүүс байхаас гадна нэг дор хэд хэдэн завь зэрэг хөдөлдөг юм билээ. Бас пиав уух дуртай бол эндээс \уг нь бол бүүр Ханойгоос л авах ёстой юм ккк\ аваарай. Тэгэхгүй бол завин дээр арай үнэтэй шүү.
Завинд суусны дараа хэрхэн аюулгүй зорчих зааварчилгаа өгөөд үдийн хоолоо иднэ. Манай аялал хямд тул тийм ч тансаг биш тэгэхдээ боломжийн хоол өгч байна. Хашир хүний хувьд эргээс авсан шар айргаараа даруулаад сайхан хоололлоо. Үүний дараа өрөөг тань хуваарьлана. Боломжийн тохьтой. Далай харах том цонхтойгоос гадна шүршүүр, нойльтой тов хийсэн өрөө. Галын хор, аврах хантааз байгаа нь бас ч энгийн орчин биш шүү гэдгийг сануулах шиг.
Аялалын хугацаанд та Хаулонг булангийн үнэхээрийн үзэсгэлэнтэй тогтоцыг гайхан баясахын хажуугаар загас барих, усанд сэлэх боломжтойгоос гадна маш том үлгэрийн мэт агуй үзэж, хөвдөг тосгоноор зочилж, канойн завиар задгай далайд сэлэх, арлуудын орчимд явган аялах боломжтой. /Эдгээрийн тухай дараагийн тэмдэглэлд дэлгэрэнгүй өгүүлнэ/
Яг үнэндээ бол 2-р сар Хаулонг буланд амрах улирал биш юм билээ. Ядаж байхад яг хүйтэн өдөр ч таарсан. Тиймээс завьнийхаа дээд давхрыг далай харж жаахан суунгаа тамхи татахаас өөрөөр ашигласангүй. Уг нь бол наранд шарж хэвтэх зориулалтын орнуудтай юм.
Оройн хоолны дараа хоолны танхим диско бар болох бөгөөд уух хатуу зүйлс төрөл бүрээрээ байхаас гадна сонирхолтой сонирхолтой коктейлүүдлийг ч санал болгоно. Коктейлүүд нь 45-80 мянган донг байлаа. Энэ нь 2 доллар гарангаас 4 доллар орчим л гэсэн үг.
Завь зангуугаа гүехэн бөгөөд доороо элстэй хэсэгт ирээд буулгачихдаг юм билээ. Тэгээд усч нөхөд задгай далайд шууд сэлцгэээнэ шүү дээ. Бид хоёр ч юүкүү зүгээр мөрөөрөө амьд явах минь гээд сэлэгсдийг л жаахан балэйшиглав. Хэ хэ.
Намуухан хөдлөх далайн бүүвэйнд нам унтсан байлаа. Өглөөний цайгаа уусны дараа нэг арал дээр буудалд хоносон нөхдөө \бас ийм сонголт байна\ аваад эргийн зүг хөдөллөө.
Буланг түшиглэн баригдсан цомхон хотын нэгэн цайны газарт өдрийн хоолоо идээд Ханойн зүг хөдлөв. Бид хоёр Хай Понг хотоос шууд Хо Ши Мин буюу Сайгон хотруу \ингэж нисээгүй бол бас нэг 24 цагийг автобусанд өнгөрөөх байв\ нисэх онгоцны билетээ урьдчилан интернэтээр захиалсан байсан тул замд Хай Понгруу явдаг автобусны буудал дээр буулаа. Хүний 10000 донгоор л Хай Понг хот хүрэв. Оройны нислэгтэй тул хотоор нилээдгүй алхаж сонирхов. Цэцэрлэгжүүлэлт нь үнэхээр гайхалтай. Модоо лууны хэлбэр оруулаад засчихсан байгаа нь гайхалтай.
Онгоцны буудал дээр очоод өнөөх алдарт По шөлөө идэж аваад агаарын тээврийн ВитЖет компаний онгоцоор Сайгон хотыг зорьлоо. Дараагийн тэмдэглэлд Хаулонг булангийн үзэгслэнт байгал болон бусад сонирхолтой үзвэрүүдийн зургийг БОНУС болгон үзүүлнэ.
Хүннү эйртэй аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т


















































Хүннү Эйртэй 10 хоногт 4 улсаар аялалын тэмдэглэл №10 | ||
Үзсэн: 4550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.