Шууд Chart

Улиран одсон гахай жилийн “Цагийн хүрдийн баатрууд”

2020-02-25 12:42:02

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг улс орныхоо нийгэм, улс төр, бизнес, хөдөө аж ахуй, боловсрол, соёл шинжлэх ухаан, хүн зоны амьдрал зэрэг бүхий л мэдээ мэдээллийг үзэгч түмэндээ цаг алдалгүй түгээн дэлгэрүүлдэг билээ. Тус суваг улс нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж, олон сайхан үйлсээрээ түмнийг түүчээлж буй эрхмүүдийг шалгаруулдаг “Цагийн хүрдийн баатрууд” ёслолын ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Эрхэм уншигч танд улиран одсон гахай жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ыг алдаршуулж байна.

Шинжлэх ухааны шинэ нээлт номинацын эзнээр шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич, Улаанбаатарын их сургуулийн багш Д.Эрдэнэбаатар тодорлоо. Улаанбаатарын их сургуулийн Түүх, археологийн тэнхимийн судалгааны баг 2017-2019 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт археологийн судалгаа хийж, одоогоос 2200 жилийн өмнөх хаад, язгууртны оршуулгын зан үйлийг судалж, хосгүй үнэт олдворуудыг илрүүлсэн билээ.

Д.Эрдэнэбаатарын олж, илрүүлсэн 150 гаруй алт, мөнгөн эдлэл Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалагддаг. Тэрбээр Эрдэнэсийн сангийн 80 гаруй хувийг эзэлдэг дээрх олдворуудыг хайж, илрүүлэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргуулаагүй юм.

Экологид ээлтэй хүнээр говь нутагтаа олон мянган мод тарьж, буга нутагшуулсан Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны иргэн, судлаач, өндөр настан Х.Цэрэндаваа шалгарлаа. Тэрбээр Өмнөговь аймгийн Баруунсайхан ууланд 3500 орчим мод тарьж, 20 гаруй буга нутагшуулсан.

Баатарлаг үйлстэнээр  гэртээ түгжигдсэн дөрвөн хүүхдийн амийг галын аюулаас аварсан таксины жолооч болон зорчигч С.Хишигдалай, Д.Баасандоо нар тодорлоо. Сонгинохайрхан дүүргийн иргэн, таксины жолооч С.Хишигдалай, Чингэлтэй дүүргийн иргэн Д.Баасандоо нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард галд шатаж буй түгжээтэй монгол гэрээс 4-11 насны дөрвөн хүүхдийг аварсан билээ.

Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгч номинацын эзнээр “Таван толгой түлш” компани шалгарлаа. Энэ өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс буурсан. Учир нь Засгийн газар нийслэлийн түүхий нүүрсний хэрэглээг халах зоримог шийдвэр гаргаж, “Таван толгой түлш” компанийн үйлдвэрийн таван салбар, 13 шугамаар өдөрт 3000-4000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн хэрэгцээг бүрэн хангаж байна.

Тус компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшээр нийслэлийн айл, өрхүүдийг бүрэн хангаснаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 60 орчим хувиар буурсан.

Оюунлаг хүнээр соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, орчуулагч Г.Аким тодорлоо. Тэрбээр өнгөрсөн жил Монгол орныхоо уул хадаар явж, 30 мянган жилийн тэртээх хүмүүсийн аж амьдралыг өгүүлж байдаг хадны зосон зураг судалгаа, хамгааллын ажилд өндөр үүрэг гүйцэтгэсэн юм.

Их хотын соёлч өрхөөр гавьяат барилгачин, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн С.Самдандовжидын гэр бүл шалгарлаа. С.Самдандовжидын гэр бүл өөрийн өмчийн газартаа амины орон сууцаа барих болон хашаа хороогоо тохижуулахдаа экологид ээлтэй байдлыг бүрэн хангасны зэрэгцээ, орчин үеийн интерьер дизайныг бүрэн тусгаж, жишиг орон сууц, хашааг босгосон юм. Мөн “Манай хороо-Миний гудамж” аянд гуравдугаар байр эзэлжээ.

Нийгмийн хариуцлагатай компаниар өндөр эрсдэлтэй зөвхөн үндэсний авиа компани л зориглох нислэгийг аюул осолгүй амжилттай үйлдсэн МИАТ ТӨХК шалгарлаа. Монголын иргэний агаарын тээвэр компани анх удаа урд хөршийн Ухань хот руу нислэг үйлдэхдээ дэлхий дахиныг айдаст автуулаад буй шинэ коронавирусийн голомтоос 31 иргэнээ эх оронд нь авчирсан билээ.

Энэрэнгүй үйлстэнээр УНТЭ-ийн Мэс заслын тасгийн эрхлэгч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, хүний гавьяат эмч О.Сэргэлэн тодорлоо. Тэрбээр 2017 онд дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан.

Түүний ахалдаг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олон 89 хүнд энэ төрлийн мэс заслыг амжилттай хийсэн. Урьд өмнө нь гадны орныг зорьж, өндөр өртөг төлж хамрагддаг байсан уг мэс заслыг Монголын алтан гарт эмч нар улсдаа арав дахин бага зардлаар хийж байна.

Үлгэр жишээ гэр бүл номинацын эзнээр циркийн урлагийн гайхамшгийг залуу үедээ өвлүүлж буй олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс анхны алтан цомыг эх орондоо авчирсан, дэлхийн найман удаагийн рекордыг эзэмшдэг “Есөн өрлөг” хамтлагийн ахлагч Б.Золбаярын гэр бүл тодорлоо. Б.Золбаяр гэргий Ц.Солонгын хамт мэргэжлийн жүжигчид болон анхан суралцагчид бэлтгэл хийх, циркийн урлагаар хичээллэх зориулалттай төвийг Чингэлтэй дүүрэг Долоон буудлын эцэст барьж, ашиглалтад оруулсан юм.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз үндэснийхээ их өв соёлыг дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үүргээ биелүүлж буйн нэг илрэл нь “Монголын мэдээ” сувгаас тодруулдаг “Цагийн хүрд”-ийн баатрууд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ билээ.

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр жилийн 365 хоног айл бүрийн хойморт зочлох бүрийдээ .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Улиран одсон гахай жилийн “Цагийн хүрдийн баатрууд”  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй