Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Сайн байна уу? Миний хамгаас хайртай халамжит ээж минь

2020-03-20 14:25:47

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тусгай байрын шагналт захидал

Улаанбаатар хотын оролцогч Н.Туяагийн ээж Дулмаадаа бичсэн захидал

Миний  "Үгэнд ордоггүй" дэндүү хөдөлмөрч, дэргэдэх

хүмүүстээ үлгэр дуурайлтай сайхан ээждээ бичсэн захидал

 

Сайн байна уу?  Миний хамгаас хайртай халамжит ээж минь

 

Охин нь тандаа "Хайртай шүү" гэж хэлэхээсээ илүү  "Үгэнд орохгүй юм аа ээж" гэдэг үгийг л олон хэлж,  зэмлэж байдагтаа танаасаа чин сэтгэлийн  уучлалт хүсэн, таныхаа өмнө өвдөг  сөгдөн мөргөеө. Ээжтэйгээ л хамт өтөлж,бас жаргаж яваа  Эмээ охиноо уучлаарай ээжээ...

Сэрүүлэг дуугарна. Үүрийн 4 цаг. Ээж минь босно. Гэрлээ асаана.

- Ээжээ. Хар үүрээр босож яах нь вэ? Жаахан хэвтээч.

-Ээж нь босоод сурчихсан юм аа. Эрт босохгүй бол ажлаа амжихгүй. Охин минь унт унт.

-Ингээд  л үгэнд ордоггүй юм аа ээж. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрнө. Төмпөн сав дуугарна,  гялгар уут шажигнана, ус гоожно... Босдог ч юм уу. За арай ч эрт байна аа... Өглөөний 6.00 цаг. Төрийн дуулал эгшиглэнэ.

- Ээж минь дээ .Дууг нь багасгаач. Айл амьтан сэрээчихлээ.

- Ээж нь өглөөний мэдээгээ, бас өдрийн зурхай , уртын сайхан дуугаа сонсоно оо. Дүүгийн минь дуулсан "Хөглөг хангай бараа" өчигдөр явсан. Дүүд минь төр засаг гавьяатыг нь өгчихвөл ч амьд яваагийн минь хэрэг бүтнэ,  өөр надад хоргодох юм ч  алга даа. Ганцаараа ярина. Гурилаа нухна...

Ээж ёстой нэг үгэнд орохгүй юм аа. Босъё доо. Гурилыг нь элдэж өгье.

-Ээж та одоо бууз хийж зарахаа больчихооч. Та өөрийгөө бодохгүй юм аа гэхэд ядаж бидний нэр төрийг бодооч.

-"Хөдөлж үхдэггүй, хөшиж үхдэг" гэдэг. Хөдөлсний хүчинд л би өдий зэрэгтэй, хөл гар өвдөхгүй, хөнгөн шингэн явна. Ямар ч ажлыг голохгүй хийх сайхан шүү. Хөдөлж, хөдөлмөр хийх шиг сайхан юм хаана байна... Зад загнана.

- Та ёстой нэг үгэнд орохгүй юм аа. "Аниа, Адиа хоёрт чинь хэлнэ шүү таныг" гэж би айлгана.

- Битгий дүү нарын минь даралтыг нь ихэсгэчих. Санаа нь зовчихно."Эгч нь буузаа хийхгүй байгаа" гээд  тэр хоёрт хэлчихсэн...

Тиймээ . Энэ бол нэг нь 90, нөгөө нь  60 хүрэх гэж яваа ээж охин хоёрын яриа. Энэ бол миний сайхан ээж. 

Та минь үр хүүхдийнхээ "Сайхан ээж", ач зээгийнхээ " Ачлалт эмээ", жич гучдаа бол "Буурай эмээ", ажиллаж байсан  хамт олондоо "Чихэр тараадаг эмээ",  айл хөршүүддээ" Ядардаггүй эмээ",  хүүхэд залууст "Супер эмээ", хөдөө очвол  "Ганган эмээ"  тэтгэвэртээ гараад "Буузны эмээ" болж, "бизнес" хийн, буянаа дэлгэрүүлэн  яваа буурал ээж минь.

"Хөдөлж л байвал хөдөлмөрлө" гэдэг энэ л " ясны" ажилсаг чанар нь  ээжийг минь зүгээр суулгадаггүй, бас амраадаггүй юм. Тиймээс өглөө бүр  өөх мах  нь алагласан амтат сайхан бууз , аагтай шаргал цайгаа чанаад аваад гарна. Ажил хийдэг хүүхдүүдэд чанартай хоол хэрэгтэй гэнэ. "Нэг ажлыг хийж байхдаа дараа нь юу хийхээ бодож төлөвлөж бай" гэж дүрэмдэнэ.

Жилээс жилд жижгэрэн буй жаахан биенд нь ямар их хүч тэнхээ хаана нь байдаг юм бол...гэх бодол төрнө, бас бахархана. Тиймээ. Энэ бол миний сайхан ээж. Тандаа охин нь хязгааргүй хайртай ээж ээ.

Өрөөлийн төлөө бүхнээ зориулсан буянт ээж минь

Өгөөмөр сайхан сэтгэлийнхээ хайранд эрүүл байж жаргаарай

Орчлонгийн бүх сайхан ээжүүдийнхээ сэтгэлийг  амгалан тайван байлгая гэвэл утсаа чагнан үүрэглэн суугаа буурал ээж дээрээ л очиж байгаарай хүмүүс ээ.

эдүгээ 90 насыг дөхөж яваа олон түмэндээ "Буузны эмээ" хэмээн алдаршсаар яваа хайртай ээждээ  Сонгино хайрхан дүүргийн 19-р хорооноос охин Туяагаас нь.

 


Ээждээ бичсэн захидал: Сайн байна уу? Миний хамгаас хайртай халамжит ээж минь  
Үзсэн: 6131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-07 21:41
Маш их баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй