
Зэвсэгт хүчин хэмээх их айлын халуун тогоонд буцлан цэргийн гэрээт алба хааж, улмаар олон олон боломжуудын зах сэжүүрээс атгаж яваа залуус цөөнгүй бий. Тухайлбал, тэдний төлөөлөл өдгөө тив алгасан энхийг сахиулж, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж явна. Сэтгэл зүрхээ Зэвсэгт хүчинтэй холбож, хүсэл мөрөөдлөө алсад бэлчээн яваа эдгээр залуусын ирээдүйд хэн болохыг бид таашгүй. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэсэн билэгтэй сайхан үг байдаг шүү дээ. Магадгүй тэд цэргийн гэрээт албанаас шангаа татсан Зэвсэгт хүчний дараа үеийн гол төлөөллүүд ч байж болно.
ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА НАМАЙГ ЭНХИЙГ САХИУЛАГЧ БОЛГОСОН
Дэд ахлагч Г.Гансүх /Зэвсэгт хүчний 186 дугаар анги, байлдагч/
-Та өөрийгөө товч танилцуулаач?
-Би 1994 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн. Айлын том хүү, хоёр дүүтэй. Эрдэнэт хотын “Орхон” цогцолбор сургуулийг 2012 онд төгсөөд ШУТИС-ийн Эрдэнэт хот дахь салбар сургуульд цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байгаад хувийн шалтгаанаар 3 дугаар дамжаанаасаа сургуулиа орхисон. Тэгээд 2015 оны II ээлжийн цэрэг татлагаар хугацаат цэргийн албанд татагдаж, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хаасан. Үүнийхээ дараа үргэлжлүүлэн 2017 онд цэргийн гэрээт албанд элсэн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 3 дахь жилдээ алба хааж байна.
-Цэргийн гэрээт албанд элсэх шалтгаан юу байв? Энэ албанд элссэнээр Танд ямар боломжууд нээгдэж байна?
-Цэргийн хугацаат алба хаасан нэг жил надад маш их зүйлийг өгсөн. Эх орноороо бахархаж тэр хэрээрээ эх орноо хайрлах, хүнээс үг дуулж сурах, тэсвэр хатуужил, хариуцлагатай болж төлөвших, бие бялдрын хувьд өв тэгш болох, аливаад эмх цэгцтэй байж, олны дунд биеэ зөв авч явах гээд олон зүйлийг дурдаж болно. Товчхондоо амьдралд сургасан гэх үү дээ. Үндсэндээ цэргийн алба надад маш их таалагдсан учраас үргэлжлүүлэн цэргийн гэрээт албанд элссэн. Мөн цэргийн гэрээт албанаас энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломж байдаг тухай сонссон маань ч нөлөөлсөн. Ер нь цэргийн хугацаат болон гэрээт албанаас асар их зүйлд суралцаж, амьдралыг танин мэдэж байгаадаа, хүссэн хүн бүр явчихдаггүй энхийг сахиулах ажиллагаанд оролцож, цэнхэр дуулгат дайчдын эгнээнд элссэндээ сэтгэл өндөр байна. Өөрөөрөө, хамт олноороо бахархах сэтгэл эрхгүй төрдөг шүү.
-Тэгэлгүй яах вэ, бахархахаас аргагүй. Учир нь та эх орноо төлөөлөн энхийг сахиулж яваа шүү дээ...
-Мэргэжлийн офицер, ахлагч нартай мөр зэрэгцэн тэднээсээ маш их зүйлд суралцан алба хааж байгаа минь нэр төрийн төдийгүй бахархалтай үйл хэрэг. Гэхдээ миний хувьд баярлаж бахархаад, хөөрч сагсуурахаасаа илүү албандаа асар их хариуцлагатай, хянамгай хандах ёстой гэж ойлгодог. Ялангуяа ажиллагааны газар оронд хэн ч алдах эрхгүй. Тухайлбал, би санамсар болгоомжгүй, хариуцлагагүйгээсээ ямар нэгэн алдаа гаргалаа гэхэд миний биш, монгол цэрэг гээд л эх орны минь нэр гарах учраас хариуцлага гэдгийг нэн тэргүүнд тавьдаг. Бид олон орны цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа шүү дээ.
-Байлдагч Гансүх, энхийг сахиулагч Гансүх хоёрын ялгааг тодруулаач?
-Энхийг сахиулагч Гансүх өөртөө итгэх итгэл, ухамсар хариуцлага, багаар ажиллах чадвар, тэсвэр хатуужил, амьдралын ухаан зэрэг олон чанараараа байлдагч Гансүхээс илүү.
-Ирээдүйн зорилго, хүсэл тэмүүллээсээ хуваалцвал...
-Миний аав цахилгааны инженер мэргэжилтэй хүн байсан юм, би аавынхаа мэргэжлийг өвлөхийг хүсч ШУТИС-д энэ мэргэжлээр элссэн. Хэдийгээр энэ мэргэжлээрээ ажиллахгүй ч гэсэн сургуулиа заавал гүйцээж төгсөнө. Миний хувьд цэргийн хүн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Гэрээт цэргийн албаа амжилттай хааснаар ахлагч, цаашлаад офицер болох бүрэн боломжтой шүү дээ. Өөрийгөө боловсруулж энэ боломжийг алдахгүйг хичээнэ. Мөн надад итгэл хүлээлгэж, намайг дэмжиж энхийг сахиулагч болох үүд хаалгыг минь нээсэн ангийн удирлагуудынхаа итгэлийг дааж, цаашид илүү их хичээх болно. Намайг асар их боломж хүлээж байгаа.
БИ ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙНХӨӨ ҮЗҮҮРЭЭС АТГАЧИХСАН
Дэд ахлагч Э.Санжаасүрэн /Зэвсэгт хүчний 123 дугаар анги, дэд түрүүч/
-Эхлээд таны товч намтартай танилцъя...
-Би Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд 1996 онд төрсөн. Аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг. Сумынхаа 11 жилийн II сургуулийг 2014 онд төгсөөд ШУТИС-д дулааны инженер мэргэжлээр нэг жил суралцаад сургуулиа орхичихсон. Айлын том хүү гээд нэлээд эрх дураараа өссөн болоод тэр шүү дээ.
-Тэгвэл цэргийн албатай хэрхэн холбогдсон тухайгаа тодруулахгүй юу?
-Цэргийн хугацаат албаны зарлан дуудах хуудас ирэхэд “Эх орон минь намайг дуудаж байна” гэсэн омогшил, бас өөрөөрөө бахархах сэтгэл эрхгүй төрдөг юм билээ. Яагаад ч юм тэр эрхэм хүндтэй “урилга”-аас татгалзах эрх надад байгаагүй. Тэгээд л Хилийн цэргийн 0214 дүгээр ангид алба хаасан. Цэргийн алба маань намайг маш их зүйлд сургасан, бас өөрчилсөн. Миний хувьд ч албандаа чин сэтгэлээсээ дурлаж, ер нь цэргийн хүн болъё гэж шийдэн өөртөө зорилго тавьсан. Тийм ч учраас хугацаат албаа дуусган нутагтаа очоод 2018 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн гэрээт алба хаагчаар орсон доо. Цэргийн хүн болох хүсэл мөрөөдөл, зорилгынхоо эхлэл суурийг тавьж, шангаа татаж яваадаа сэтгэл хангалуун байна.
-Цэргийн гэрээт албанд элссэнээр Танд ямар боломжууд нээгдсэн бэ?
-Цэргийн хүн болох хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атгасан маань хамгийн том боломж. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ. Түүний адил өөрөө би хичээл зүтгэл гарган, хариуцлагатай байж, албаа сайн хаавал цаашлаад сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн ахлагч болох бүрэн боломжтой. Мөн цэргийн гэрээт албанд элссэнээр энхийг сахиулах ажиллагаанд оролцох ховор боломж бүрддэг. Миний хувьд энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэж огтхон ч төсөөлөөгүй байлаа. Гэвч цэргийн гэрээт албаныхаа ачаар цэнхэр дуулгат дайчдын эгнээнд элсэн Африк тивд энхийг сахиулж явна. Энэ бол миний хамгийн том бахархал. Цэргийн гэрээт албанаас надад олгогдсон хамгийн том боломж.
-Тэгэлгүй яах вэ. Өнөөдөр та олон аавын хөвгүүд, ээжийн охидтой мөр зэрэгцэн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж, эх орон, Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байна шүү дээ. Энэ тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Байлдагчийн эгнээнээс мэргэжлийн офицер, ахлагч нартай мөр зэрэгцэн хилийн чанадад энхийг сахиулж яваа маань үнэхээр аз завшаантай бөгөөд бахархалтай хэрэг. Хүссэн хүн бүхэн энхийг сахиулагч болчихдоггүй учраас би өөрийгөө азтайд тооцож байгаа юм. Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор би тийм хэмжээний мөнгөн хуримтлалтай болно гэж материаллаг талаас нь харахаас илүүтэйгээр хамт олны үнэ цэнийг ойлгож, тэднээсээ суралцан, өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө өөрчилж, амьдралыг танин мэдэж, эх орон минь ямар их үнэ цэнтэй юм бэ гэдгийг ухаарч, өөрөө би хэн бэ гэдгээ мэдэрч яваа маань миний амьдралдаа оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж ойлгож байгаа.
-Одоо бол Таныг цэргийн гэрээт албаны байлдагч гэхээс илүү энхийг сахиулагч гэж харна шүү дээ. Тэр ч утгаараа үүрэг, хариуцлага тань нэмэгдэж байгаа. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Яг тийм. Шат шатны удирдлагууд маань надад итгэл хүлээлгэж энэхүү ажиллагаанд оролцуулж байгаа. Тийм учраас алдаа гаргах эрх байхгүй. Алхам тутамдаа хариуцлагатай байж эх орныхоо, монгол цэргүүдийнхээ нэр хүндийг өндөрт өргөж үүргээ гүйцэтгэх ёстой. Хариуцлага гэдэг ганцхан үгийн утга учир, үнэ цэнийг ойлгож байна.
-Мөрөөдөл, төлөвлөгөөнийхөө тухайд тодруулахгүй юу?
-Би цэргийн хүн тэр тусмаа тэргүүн ахлагч цолтой мэргэжлийн ахлагч болох хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атгачихсан. Одоо түүнийгээ 100 хувь биелүүлэхийн тулд сурч боловсрохоос эхлээд олон зүйлийг төлөвлөж байна.
ЭНХИЙГ САХИУЛНА ГЭДЭГ АМЬДРАЛЫН АСАР ТОМ СУРГУУЛЬ БАЙДГИЙГ МЭДЭРЧ БАЙНА
Дэд ахлагч Г.Баасандорж /Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, байлдагч/
-Та аль нутгийнх бэ?
-Би Говь-Алтай аймгийн Тайшир суманд 1995 онд төрсөн, айлын ганц хүү, аав ээж маань эгэл жирийн малчид. Есөнбулаг сумын ерөнхий боловсролын I сургуулийг 2013, “Улаанбаатар-Эрдэм” их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр 2017 онд төгссөн.
-Яаж яваад цэргийн гэрээт албатай холбогдсон юм бол?
-Сургуулиа дүүргээд нутагтаа очин мэргэжлээрээ ажиллахаар хэд хэдэн газар хүсэлтээ өгтөл цэргийн алба хаагаагүй гэдэг шалтгаанаар төрийн албанд ажиллах боломж олдоогүй. Тэгээд л аав, ээждээ туслан хөдөө гарч хэдэн сар мал маллалаа. Нэг өдөр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид цэргийн гэрээт алба хааж байгаа дотнын нэг найзтайгаа мэнд мэдэн утсаар ярив. Гэтэл найз маань “Чи мал маллаж байхаар цэргийн гэрээт алба хаачихвал яасан юм” гээд л цэргийн гэрээт албыг надад олон талаас нь маш сайн сурталчиллаа, тийм, ийм боломжтой гээд л. Тэгснээ “Чи ерөөсөө энд хүрээд ир, манай дарга нартай уулзаад энд алба хаачих” гэдэг юм байна. Би ч хэдэн өдөр бодсоны эцэст явахаар шийдэж, аав, ээждээ ч хэллээ. Аав сүйдтэй юм хэлсэнгүй, ээж маань “Цэргийн газар хэцүү, чи чадахгүй, тэгж байхаар мал малла” гээд л илт дургүйцэв. Ийм яриа өрнөснөөс хэд хоногийн дараа аав, ээжээсээ “Аймгийн төв ороод ирье” гэж зөвшөөрөл аваад шууд л хотын автобусанд суучихсан. Хотод ирээд Эрдэнэт, тэндээсээ Хялганат орлоо. Цэргийн ангийг олж очоод найзтайгаа уулзалдлаа. Цаашлаад ангийн захирагчтай ч уулзлаа. Тэгээд л цэргийн гэрээт албанд элсэх боломж бүрдсэн дээ.
-Аав ээждээ хэлэлгүй оргочихсон хэрэг үү?
-Тэдний минь санаа зовно шүү дээ. Тийм учраас хотод очоод л холбоо барьж, зорилгоо ч хэлсэн. Аав, ээж маань хэдийгээр дургүй байсан ч миний сонголтыг хүндэтгэсэн дээ. Миний хувьд ч нэгэнт зориод ирчихсэн учраас ухрах эрхгүйээр шалгуур сорилтуудыг давж чадсан.
-Цэргийн гэрээт албанд элссэн нь өнөөдрийн энхийг сахиулах ажиллагаанд оролцох шанг тавьжээ...
-Маш олон боломж нээгдэж байна. Хамгийн тод жишээ л гэхэд цэнхэр дуулгатнуудын эгнээнд элсэн, энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжийг надад олголоо шүү дээ. Хэрэв би цэргийн гэрээт албанд ороогүй, мал маллаж байсан бол хэзээ ч энхийг сахиулагч хэмээх нэр алдрыг хүртэхгүй биз дээ. Цаашлаад мэргэжлийн ахлагч болж, Зэвсэгт хүчинд алба хаах бүрэн боломжтой. Миний хувьд анх цэргийн гэрээт алба хаагаад л төрийн албанд мэргэжлээрээ ажиллах бодолтой байсан ч одоо эсрэгээрээ цэргийн хүн болохоор шийдсэн. Тиймдээ ч ахлагч болох хүсэлтээ өгчихөөд ирсэн. Ангийнхаа удирдлага, хамт олны хүлээлгэсэн итгэлийг зүтгэлээр хариулж, ажлаа сайн хийн, албаа нэр төртэй хаачихаад очоод цолоо авч, ахлагч нарынхаа эгнээнд элсэх нь миний ойрын зорилго доо.
-Өнөөдөр та эх орон, Зэвсэгт хүчнээ төлөөлөн олон залуустай мөр зэрэгцэн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж “Энхийг сахиулагч” хэмээх нэр алдрын эзэн боллоо шүү дээ. Энэ тухайд сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцон үүрэг гүйцэтгэж байгаадаа сэтгэл маш өндөр байдаг. Хамт олноороо, өөрөөрөө бахархдаг. Бас надад ийм боломж олгосон ангийн удирдлагууддаа талархдаг. Энд би шат шатны олон дарга нараасаа суралцаж, эзэмшсэн мэргэжилдээ улам дадлагажиж байна. Өөрийгөө дайчлах, тэсвэр хатуужилтай байх, багаар ажиллах чадвартай болох, ажилдаа чин сэтгэлээсээ хандах, хариуцлагатай байх гээд олон зүйлд суралцаж, өөрийгөө өөрчилж байна. Аав, ээж маань ч надаар бахархаж, орсон гарсан бүхэнд ярьдаг тухайгаа хэлсэн. Тиймээс үнэхээр сэтгэл хангалуун байна.
-Энхийг сахиулагч байна гэдэг хүссэн хүн бүхэнд олддог боломж биш, бас түүнийг дагаад асар их хариуцлага ирдэг гэдэгтэй санал нийлэх байх...
-Тийм ээ. Энхийг сахиулна гэдэг амьдралын асар том сургууль байдгийг, тэр их сургууль маш өндөр хариуцлагатай байхыг шаарддагийг өөрийн биеэр мэдэрч байна. Ажиллагааны газар оронд ч, харьж нутагтаа очсон ч энхийг сахиулагч болсон гэхээр хүн бүр өөр өнцгөөс харна шүү дээ. Тэгэхээр хариуцлага, төлөвшил гээд бүх талаар өөрийгөө өөрчлөх ёстой.
-Таны ирээдүйн зорилго юунд чиглэгдэж байгаа вэ?
-Миний хувьд 2014 оноос шагайн харваагаар хичээллэж эхэлсэн, аймгийн гоц мэргэн цолтой, энэхүү цолоо ахиулан улсын цолонд хүрэх, мөн Зэвсэгт хүчний мэргэжлийн ахлагч нарын эгнээнд элсэх гэсэн ойрын зорилготой байна даа. Цаашдаа ч олон зорилго, мөрөөдөл гарч ирэх байх. Түүнийхээ төлөө тэмүүлээд л байна шүү дээ.
БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнууд | ||
Үзсэн: 1603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.