Шууд Chart

Цэргийн эрдэмтэн судлаачид  бүтээлийн дээжээ өргөн барилаа

2020-05-01 12:09:06

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэргийн боловсрол, сургалт бэлтгэлийн бодлого, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах . Монгол цэргийн өв уламжлал, үндэсний цэргийн урлагийг онол, практикийн талуудаас нь шинжлэх судалсан энэхүү бүтээлийг Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн докторууд хамтран туурвисан юм. Номын ерөнхий редактороор шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, чөлөөнд буй хурандаа Ш.Паламдорж, редактороор Батлан хамгаалахын сайдын цэргийн зөвлөх, профессор, чөлөөнд буй дэслэгч генерал Ц.Дашзэвэг,  зохиогчоор шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, чөлөөнд буй хурандаа Ш.Паламдорж,  шинжлэх ухааны доктор, профессор, чөлөөнд буй хошууч генерал О.Үржин, доктор, профессор, хурандаа Ч.Баттулга нар ажилласан байна.

Дээрх номыг туурвигчид 2020 оны 4 дүгээр сарын 30-нд буюу өчигдөр бүтээлийн дээжээсээ ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын удирдлагуудад өргөн барьсан юм. Энэхүү ном нь агуулгын хувьд армийн операц, тусгай болон дайны бус цэргийн операц (уламжлалт бус операц)-ын онол, арга зүй, гадаадын зарим улсын операц явуулах арми, цэргийн бүлэглэлийн туршлага, сургамж, өөрийн Зэвсэгт хүчний операц явуулах онол, арга зүйн үндэс, өнөөгийн практикийг шинжилсэн, хайгуулд хөтөлсөн хамтын, нэг сэдэвт бүтээл юм. Шинж чанарын хувьд нэг сэдэвт, сургалт, судалгаа, шинжилгээний хамтын бүтээл учраас үүнийг батлан хамгаалах болон цэргийн мэргэжилтэн, цэргийн мэргэшсэн судлаач, багш нар болон аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаанаар магистр, доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалахаар суралцагчид, орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгаа хариуцсан төрийн албан тушаалтнууд, цэргийн дээд боловсролтой бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, генералууд, мөн сонирхогчид ашиглах боломжтой бүтээл ажээ.

Мөн энэ өдөр бас нэг оюуны бүтээл уншигчдын гарт очсон нь Батлан хамгаалахын сайдын цэргийн зөвлөх, профессор, чөлөөнд буй дэслэгч генерал Ц.Дашзэвэгийн “Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалт, удирдлагын шинэчлэл” хэмээх ном байлаа. Номын зохиогч бүтээлийнхээ тухай ярихдаа “Батлан хамгаалах бодлого нь үндэсний аюулгүй байдлыг хангах гол асуудлын нэг бөгөөд түүнийг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь нэг удаагийн үйл хэрэг биш, он удаан жил дамжин байж хэрэгжиж, ашиг тусаа өгдөг онцлогтой. Энэ номд Зэвсэгт хүчний байгуулалт, удирдлагын эдүгээгийн шинэчлэлийн гол зангилаа асуудлыг хэрэгжүүлэх арга замын тухай өгүүлнэ” хэмээгээд Зэвсэгт хүчний генерал, офицерууд эрхэлж буй албандаа хэрэглэж, цэргийн сургуулийн багш, судлаач, оюутан сонсогчид эрдэм судлал, сургалтдаа ашиглана гэдэг найдаж байна гэлээ.

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг номын зохиогч нарт хандаж “Эрхэм эрдэмтэн, докторууддаа баярлалаа. Зэвсэгт хүчний өөрчлөлт, шинэчлэлд та бүхний мэдлэг боловсрол, туршлага сургамж хамгаас чухал юм. Эрдэмтэн та бүхний хэлсэнчлэн орчин үеийн шинжлэх ухааны ололт, амжилт, цэргийн зэвсэглэл, техникт нэвтэрч буй өөрчлөлт  болоод бэлэн байдлыг хангахтай уялдуулаад Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний сэтгэлгээний өөрчлөлтөд анхаарч байна. Онол, арга зүй, шинжилгээний энхүү бүтээл орчин цагийн болон алсын хандлагаараа үнэ цэнтэй сайхан бүтээл болжээ. Манай бие бүрэлдэхүүний ширээний ном болно итгэж байна” гээд бүтээл туурвигчдыг ЗХЖШ-ын “Жуух бичиг”-ээр шагнаснаа гардуулан өгсөн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цэргийн эрдэмтэн судлаачид  бүтээлийн дээжээ өргөн барилаа  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй