Шууд Chart

"Хүннү Эйртэй 10 хоногт 4 улсаар" аялалын тэмдэглэл №12

2014-04-08 09:45:47

Сайгон буюу Хо Ши Минг хот
-------------------------------------------
Өмнөд, хойд Вьетнам гэж байгаад бүүр хоорондоо байлдаж явсан айл шүү дээ. Тэгээд “эцэг” Хо Ши Мин гуайн удирдаж Соц орнуудаар дэмжүүлсэн тал ялаад өмнөдийн нийслэл Сайгоны нэрийг Хо Ши Минг болгосон байгаа юм. Ханойг бодвол харьцангуй европлог хотд бид билгийн тооллын битүүнд буусан. Шөнө онгоцноос буумагцаа хотын төвд жуулчны гудамжинд их ойрхон буудалд 25 доллараар хоносон. Энэ бид нарын хамгийн өндөр үнэ төлж хоносон тохиолдол шүү ккк. Жуулчны үйлчилгээ хямд байж л хүмүүсийг татдаг юм гэдгийг хачин сайн ойлгосон.

Маргааш шинийн нэгэн тул бүх үйлчилгээний байгууллагууд нь амарсан байлаа. Ерөнхийдөө шопинг хийхэд хамгийн тохиромжтой хот бол Сайгон гэсэн өндөр хүлээлттэй ирсэн бид хоёр баахан хаалттай хаалгануудыг хараад жаахан сэтгэлээр унасан л даа \ерөнхийдөө эхнэрт хүнд туссан кк\ Гээд яахав бүхэл бүтэн улсын үндэсний баяр болж байхад. Миний хувьд хаалттай дэлгүүрүүдээс илүү Камбож орох автобус явж байгаа эсэх л сонин байлаа.

Хоёулаа буудлаасаа даунтоуны орчмыг харуулсан газрын зураг олж аваад гарлаа. Их ч цэвэрхэн хот юм. Үнэхээр ханойг бодвол илүү европ стилтэй нь ч анзаарагдлаа. Тэгэхдээ Сайгонд харьцангуй гэмт хэргийн эрсдэл их тул цүнх сав, аппарат болон бусад зүйлсээ хямгадаж яваарай гэж захьдаг юм билээ шүү. Бид хоёрт бол тийм зүйл тохиолдоогүй. Зургаа аваад аппарат хүзүүнд зүүлттэй л явсан. Гэхдээ л анхаараарай.

Азаар автобусны үйлчилгээ хэвийн байна. Үдээс хойш 3 цагаас Пхном Пенгрүү хөдлөх билет аваад Хо Ши Минийг үзэх ажилдаа гарлаа. Нэг манайхаар бөмбөгөр шиг тийм худалдааны төвөөр орлоо. Бас мань мэтийг гадаадын хүн гээд үнээ өсгөөд байгаа бололтой нэг ижил бараан дээр тэс өөр үнэнүүд хэлж байна ккк. Гаднаа задгай хүнсний захтай энэ газраас авах зүйл олдолгүй цааш явав.

Тэгж явахдаа гудамжинд алдарт луут болон арслант бүжгийн багийнхантай таарсан. Нэг төрлийн фенг шү маягийн бизнес юм байна. Битүүний өдөр өөрийн гэр болон ажлын газрынхаа бурхан тахилыг баясгах уламжлал байдаг аж. Түүнийг нь хийдэг бүхэл бүтэн баг ажиллах юм. Бүжигчид, хөгжимчид, найруулагчид нийлсэн хөөрхөн жигд хувцастай ихэнхи нь оюутан, сурагчид бололтой баг. Хөгжмийн дан дан хийсэн хэмнэл ч гоё, арслан болоод луугийн бүжиг, үзүүлбэр ч гоё. Маш сайн бэлдэж дэглэсэн тоглолт. Үнэхээр хүч, хөдөлмөр шаардсан ажил билээ. Манайхны лүйжин тавиулах эдний луу болон арслан залах хоёр ижилдүү ач холбогдолтой шиг санагдсан.

Харамсалтай нь бидний гол зорьж очсон дайны түүхийн музейгээ үзэж чадсангүй. Цайны цаг нь таараад яг хаалгаа барьж байхад нь очив. Үдээс хойш 1.30-аас ажиллана гэх. Гэтэл бид 3.00 цагаас хөдлөх тул энэ худлаа болжээ. Тэгээд зөвхөн сар шинийн үеэр уламжлал болон нээгддэг цэцгийн үзэсгэлэнг очиж үзлээ. Хүний 20.000 донг төлнө.

Зөвхөн цэцэг ч биш шувуу, чулуу, үндсээр хийсэн гэрийн дотор тавих зориулалттай чимэглэлийн зүйлс ч байдаг юм байна. Хотынхоо дотор байдаг цэцэрлэгт хүрээлэнг түшиглэн гаргасан энэ үзэсгэлэн бас л сайхан байлаа. Яг хотынхоо төвд битүү модтой цэцэрлэгт хүрээлэн. Их биш ч бага биш хэмжээний талбайтай, бүх талруугаа гарах гарцтай. Өнөөх л Монголд минь бараг байдаггүй гэр бүлээрээ амрах талбай энд ч бас байж л байх юмаа.

Өглөө бүх зүйл нь хаалттай сэтгэлээр жаахан унаж байсныг бодвол өдөр тийшээ гудамжны болон жижиг мухлагуудын худалдаа зарим нэг томоохон дэлгүүрүүд нээгдэж эхнэрийн сэтгэл жаахан цэлмэв. Сэтгэлээ ханатал биш ч боломжийн хэмжээнд худалдаа хийлээ. Үүргэвч 1 байсан бол одоо 2 боллоо хэ хэ.

Автобуснаасаа хоцрох эрсдэл бий тул эртхэн жуулчны гудамжиндаа очин тэр хавиар бас ганц нэг идэх уух юм эргүүлж \битүүнд өлсөж болохгүй биздээ кк\ байтал ч автобус ирж бид Камбож улсруу хөдөллөө. Хүний 250000 донг төлсөн. 1 доллар = 21000 донг.

Камбожийн визийг хил дээрээс нь шууд наалгасан нь амар юм байлээ. Харин зураг хэрэгтэй болно. Зураг байхгүй бол 300 биш 350 мянган донгоор л нэг хүний виз авна. Ойролцоогоор 15 гаруй доллар болж байгаа юм.  Зовлон байхгүй хэдэн байшингаар дамжаад гарахад л Камбож гэдэг шинэ улсд хөл тавьсан байх нь тэр.

Илүү дэлгэрэнгүйг зурагнаас үзээрэй. Дараагийн тэмдэглэлд Камбожийн хилээс Пхном пенг тэндээсээ Сейм Рип буюу алдарт Анкар Ват хүртэл хэрхэн тэмцэж очсон тухай өгүүлэх болно.

Хүннү Эйртэй аялсан: Анжигай.Г, Ганхүү.Т

































































































Нийтэлсэн: Анжигай

"Хүннү Эйртэй 10 хоногт 4 улсаар" аялалын тэмдэглэл №12  
Үзсэн: 19436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй