Шууд Chart

“Хүүхдүүд  “COVID-19”-ийн эсрэг” гар зургийн уралдааны дүн гарлаа

2020-06-02 16:05:26

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз үзэгч, сонсогч хүүхдүүдийн хүсэлтээр “Хүүхдүүд  “COVID-19”-ийн эсрэг” гар зургийн уралдааныг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Бүх нийтийн эрүүл мэнд, хүн ардын сайн сайхны төлөө тэргүүн эгнээнд хөдөлмөрлөж яваа ажилтан, албан хаагчдын урам зоригийг сэргээх, ажил үйлсийг нь бахархан хүндэтгэх, хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлэх агуулгыг багтаасан тус уралдаанд давхардсан тоогоор нийт 7100 орчим бүтээл ирсэн. Өөрөөр хэлбэл, “Хүүхдүүд  “COVID-19”-ийн эсрэг” гар зургийн уралдаанд 6500 гаруй хүүхэд өөрийн зурсан зургаа ирүүлсэн бөгөөд нийслэл болон орон нутаг, БНСУ, Япон, Герман, Швед, Австрали, Чех зэрэг 10 гаруй улсад сурч, амьдарч буй бяцхан зураач нар бүтээлээ ирүүлсэн юм.

Тодруулбал, 2-5 насны ангилалд нийслэлийн Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгийн Г.Биндэрьяа түрүүлж, Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн М.Мөнхтэмүүлэн, Хүслэн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагч Г.Буянтогтох нар дэд байр, Хан-Уул дүүргийн 165 дугаар цэцэрлэгийн М.Ану, Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Хэрлэн” цэцэрлэгийн М.Мөнхсувд, Налайх дүүргийн “Билэг төгс” цэцэрлэгийн Б.Дашням нарын бүтээл гуравдугаар байрт оржээ.

Харин 6-12 насны ангилалд нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дугаар сургуулийн IV ангийн сурагч Б.Учралын бүтээл тэргүүлсэн бол “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн III ангийн сурагч Э.Содбилэг, Ц.Эрхэт нар дэд байр, Налайх дүүргийн “Эрдмийн оргил” сургуулийн VI ангийн сурагч Э.Ерөөлт, Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн VII ангийн сурагч Б.Мядагмаа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын V сургуулийн II ангийн сурагч Ц.Тамир нарын зурсан зураг III байрт шалгарсан юм.

Мөн 13-16 насны ангилалд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын I сургуулийн XI ангийн сурагч Ц.Амгалангоо түрүүлсэн бол Завхан аймгийн Их-Уул сумын ЕБС-ийн VII ангийн сурагч Э.Жавхлантөгс, Баянгол дүүргийн “Эрин Эверест интернэшнл” сургуулийн VIII ангийн сурагч Ч.Энхзаяа нар дэд байр, Увс аймгийн Улаангом сумын I сургуулийн VIII ангийн сурагч Э.Мөнхшүр, Орхон аймгийн “Орхон эмпати” сургуулийн VIII ангийн сурагч Ц.Тулгат болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын IV сургуулийн VII ангийн сурагч Э.Болорчимэг нарын зурсан зураг III байрт орлоо.

Үүнээс гадна 6-12 насны ангилалд тусгай байрт “Шинэ үе” сургуулийн тавдугаар ангийн сурагч Д.Эгшиглэн, Улаанбаатар бүрэн дунд сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Ц.Мишээл, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагч А.Нандин-Эрдэнэ, нийслэлийн I сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Хулан, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч М.Агиймаа, 13-16 насны ангилалд Орхон аймгийн IV сургуулийн наймдугаар ангийн сурагч О.Янжин, нийслэлийн 33 сургуулийн долоодугаар ангийн сурагч Б.Сондор, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын I сургуулийн наймдугаар ангийн сурагч Төгөлдөрмандах, тус сумын II сургуулийн есдүгээр ангийн сурагч Т.Энхтуяа, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн наймдугаар ангийн сурагч О.Содбаяр нар оржээ.

Мөн тус уралдааны гурван насны ангилалд нийт 15 зураг тусгай байрт шалгарчээ. Ташрамд дуулгахад,  “Хүүхдүүд  “COVID-19”-ийн эсрэг” гар зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдийг СУИС-ийн Уран зургийн тэнхимийн монгол зургийн ахлах багш Б.Нямхүү, СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн Медиа анимейшний тэнхимийн багш М.Батзориг нар дэнсэлсэн.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хүүхдүүд  “COVID-19”-ийн эсрэг” гар зургийн уралдааны дүн гарлаа  
Үзсэн: 1648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй